Азийн хөгжлийн банк манай улсын төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн тогтолцоог сайжруулах, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах бодлогыг дэмжих зорилгоор 200 сая ам.долларын санхүүжилт баталлаа. Үүний 150 саяыг энгийн эх үүсвэрийн, үлдсэн 50 саяыг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж.
Уул уурхайн бүтээгдэхүүн манай нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг. Тиймээс түүхий эдийн үнийн хэлбэлзэл, дэлхийн худалдааны саатал болон эрчим хүч, тээврийн зардал өссөн нь эдийн засагт эрсдэл дагуулж буйг дээрх банкнаас онцлов. Эл санхүүжилт нь 2023 онд эхлүүлсэн Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах хөтөлбөрийн хоёр дахь буюу эцсийн шатных бөгөөд Монгол Улс эхний шатанд төлөвлөсөн бодлогын 19 арга хэмжээг бүрэн биелүүлжээ. Шинэ санхүүжилтээр татварын удирдлагыг шинэчилж, хууль тогтоомж мөрдөхтэй холбоотой бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулахын зэрэгцээ Засгийн газрын зээл авах үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгана. Мөн Засгийн газрын дотоод бондын арилжааг сэргээж, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн банкны салбарын санхүүгийн тайлан тооцоог сайжруулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх болон эмэгтэй
бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг тэлэх аж. Харин уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчныг шинэчилж, хөгжлийн банкны засаглалыг сайжруулан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
У.Сүрэн