2026.03.30. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-наас “Хархорум хот”-ын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах тендер зарлажээ. Эл ажлын нийт төсөвт өртөг нь 12.1 тэрбум төгрөг бол энэ онд санхүүжүүлэх мөнгөн дүн нь 3.1 тэрбум. Санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсөв.
2026.04.03. “Хархорум хот”-ын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн 53 га талбайд хийх тохижилтын ажлын зураг төсөл, төсөв боловсруулах тендерийг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас зарлаж, гүйцэтгэгчээр “Нарт дизайн” компанийг шалгаруулжээ. Үүний нийт зардал нь 300 сая төгрөг.
2026.06.29. Орхоны хөндийд байгуулах шинэ суурьшлын бүсэд нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэх тендерийг Хархорум хотын Захирагчийн ажлын албанаас зарласан байна. Уг ажилд 98 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд сонгон шалгаруулалтын үр дүнд “Дамно” ХХК үүнийг гүйцэтгэх эрх авчээ.
2026.06.30. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хархорум хот”-ын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд үерийн хамгаалалтын далан суваг байгуулах, 3.2 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерийг “Эрдэнэс Монгол” ХХК (одоо “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нэртэй)-иас зарлажээ. Шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр үүнийг гурван удаа зарлаж, сүүлчийнхэд нь “Эм Ти Эс гидро инженеринг”, “Би Ди инженеринг” компанийг шалгаруулсан аж.
2026.07.19. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хархорум хот”-ын ногоон бүсэд тарьсан 30 мянган модонд зориулж дуслын усалгааны систем суурилуулах, нөөцлүүр сав, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендерийг “Эрдэнэс Монгол”-оос зарлав. Энэ ажилд тус компанийн хөрөнгөөс 500 сая төгрөг хуваарилжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “Хархорум хот” гэсэн түлхүүр үгийг оруулан шүүж үзэхэд л эхний хуудсанд нь ийм өндөр мөнгөн дүн бүхий тендерүүд дурайж байна. Хэдэн арав, зуун саяас эхлээд тэрбум, тэрбумын төсөвт өртөгтэй тендерийг хэдхэн хоногийн зайтай яаж бөөндөж зарласныг дээрх баримтуудаас хараарай. Тохижилт, мод, бутны усалгаа, арчилгаа, ургамлын бүлгэмдлийн тандалт судалгаа хийх, суваг шуудуу, далан байгуулах зэрэг ахуйн шинжтэй аар саар, 50, 60 сая төгрөгийн төсөвтэй ажил ч хэчнээн байгаа юм, бүү мэд. Манай улс “Шинэ Хархорум” төсөлд байдгаа барьж, багагүйг дэнчинд тавьж, улс, орон нутгийн төсөв, төрийн өмчит компанийн хөрөнгийн эх үүсвэр гээд санхүүжилтийн бүхий л сувгаар Орхоны хөндий рүү татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй урсгах замыг засжээ. Гэтэл хот байгуулахаар тусгай хэрэгцээнд авсан уг газарт нь өдгөө цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас нэртэй хашаатай хэдэн мод, анхан шатны дэд бүтэц гэх цахилгааны шон, гэрэлтүүлэг, үерийн далан шуудуу төдийхөн л байна. Өөрөөр хэлбэл, “Шинэ Хархорум” төслийн ажил дорвитой урагшилсан зүйлгүй, төлөвлөлт, зураг төслийн шатнаас СЭДЭВ
хэтрээгүй гэсэн үг. Харин “хот байгуулагчид” суурь дэд бүтэц бүхий ногоон орчин бүрдүүлэх халхавчаар шалдар булдар ажлуудад баахан мөнгө үрж, судалгаа, тооцоолол, төлөвлөлт хийх нэрийдлээр олон арван хүнийг төсвөөс цалинжуулан, “бичиг цаас”-нд багагүй хөрөнгө урсгасаар.
Хамгийн сүүлд гэхэд Хархорум хотын Захирагчийн ажлын алба болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас 18 тэрбум төгрөгийн төсөвтэй, “Шинэ Хархорум” хотын төв цэгийн цогцолборын ажлын тендерийг өнгөрсөн сарын сүүлчээр зарлажээ. Уг тендерийн урилга, хавсралтад “цогцолборын ажил” гэхчлэн ерөнхий байдлаар бичсэн байх боловч ТЭЗҮ болон дагалдах бусад баримт бичигт “хөшөөний ажил”, “3.2 га-д хийх барилгын ажил” хэмээн тодруулсан байна. Үндсэндээ Хархорумын төв хэсэгт А, Б блок бүхий хоёр барилгыг дагалдах байгууламжуудын хамт барьж, олон нийтэд зориулсан амралтын орчин бий болгон, хөшөө дурсгал байгуулахаар төлөвлөжээ. Хоёр багцаас бүрдэх уг тендерийн барилга, тохижилтын ажлыг “Си Эйч Би Жи констракшн” хэмээх компани 9.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх авсан бол 8.1 тэрбумын төсөвтэй, хөшөөний ажлын сонгон шалгаруулалтыг түр хугацаанд түдгэлзүүлээд байна. Тендерт оролцогч, сонирхогч талуудын зүгээс үүнтэй холбоотой гомдол гаргасан тул маргааныг хянан шийдвэрлэх хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны газраас түр түдгэлзүүлжээ. Хөшөөний тендер хэрхэхээс үл хамаараад цогцолборын ажил цаашид үргэлжлэх нь нэгэнт тодорхой гэдэг нь төслийн I багцын ажлын “эзэн, холбогдогч”-ийг тодруулсан үр дүнгээс харагдаж байна. Мөн үүнд зарцуулах төсөв мөнгөний хэмжээ ч 18 тэрбумаар хязгаарлагдахгүй бололтой.
Төв цэгийн цогцолборын ажлын зураг төсөл болон төсвийг Хархорум хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар ББСМО ХХК гүйцэтгэж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхнаар магадлуулжээ. Үүнд тусгаснаар бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, эртний Хархорумын түүхэн голомтод байгуулах цогцолборын зөвхөн уран баримал, чимэглэлийн ажлыг 50.9 тэрбум төгрөгөөр хийлгэхээр төсөв боловсруулжээ. Уран баримал, чимэглэл гэдэгт Чингис хаан болон түүний өрлөг жанждаас бүтсэн нийт есөн ширхэг хөшөө, мөн тооны ялалтын багана зэргийг багтаасан байна. Харин төв цэгийн цогцолборын А блокийн барилга угсралт, гаднах талбайн тохижилтын ажлын төсвийг 72.4 тэрбум төгрөгөөр тооцон баталжээ. Б блокийг нь мөн ийм хэмжээний төсвөөр барина гэж тооцвол үндсэндээ уг цогцолборыг байгуулахад багадаа 200 орчим тэрбум төгрөг зарцуулж болзошгүй нь. Дээрх тендерт тусгасан 18.4 тэрбум төгрөг бол мөсөн уулын орой төдий дүн буюу зөвхөн эхний шатны санхүүжилт ажээ.
Манай төр засаг төсвөө хэмнэх, үр ашигтай төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах талаар улиг болтол ярьж буй ч нидэр дээрээ татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн тоглож байгаагийн бодит жишээг “Шинэ Хархорум” төслөөс харж болно. Иргэд оршин суух орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дулаан, цахилгааны шугам сүлжээ зэрэг суурь дэд бүтэц ч үгүй эзгүй хээр талд 50.9 тэрбум төгрөгөөр хөшөө дурсгал сүндэрлүүлэхээр зүтгэж буй нь муйхарлал гэлтэй. Хүн амьдрах наад захын нөхцөл бүрдүүлээгүй хоосон хотод хэнд ч хэрэггүй хөшөө барьж, өндөр өртөгтэй цогцолбор босгох нь нийгэм, эдийн засаг хүндхэн байгаа одоогийн нөхцөлд цагаа олоогүй, харалган хөрөнгө оруулалт мөнөөс мөн.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтар тэргүүтэй хүмүүс Хархорум хотын захирагч, зөвлөлийн дарга зэрэг албан тушаал хашиж, “мөрөөдлийн хот”-ынхоо төсөв, хөрөнгө оруулалтуудыг хамгаалан, тэнгэрийн гэмээр зүйлс ярьсаар буй. Гэвч бодит байдалд “Шинэ Хархорум”-ын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг ч эцэслэн боловсруулаагүй байгаа. Хархорум хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд зориулж ирэх оны төсөвт гэхэд таван тэрбум төгрөг (нийт төсөвт өртөг нь 15 тэрбум) тусгасан. Энэ ажил 2027, 2028 он дамнан үргэлжлэхээр буй. Түүнчлэн хотын Зөвлөлийн ажлын алба болон бусад урсгал зардалд 2.4 тэрбум төсөвлөсөн. Хархорум хотын Захирагчийн ажлын албанд 2026 онд 4.1 тэрбум төгрөг хуваарилсан бол Зөвлөлийн ажлын алба хэмээх бүтцэд нь төсвийн тодотголоор 1.5 тэрбум төгрөг нэмж олгосон байдаг. Ингээд харвал улсын төсөвт дарамт учруулахаар хэмжээний олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Шинэ Хархорум” хэмээх хот байгуулалтын төсөлд жил бүр ил, далд ийм байдлаар шилжүүлсээр гаршжээ.
Н.Мишээл