Хан-Уул дүүргийн XXI хорооны нутаг, “Юникл таувер” компанийн “Ю апартмент” хотхоны захиалагчид долоон жилийн турш байрандаа орж чадахгүй хохирсон талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус хотхоны хоёр блокийн нэг болох 98 айлын орон сууцыг захиалсан 500 орчим иргэн төлбөрөө 100 хувь төлсөн ч барилгыг нь өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.
Иргэд 2019 онд нэг ам метр талбайг нь 1.4 сая орчим төгрөгөөр тооцож, орон сууцаа захиалжээ. Гэвч компани санхүүжилтгүй болсон гэх шалтгаанаар захиалагчдаас нэмэлт төлбөр шаардах болсон аж. Тодруулбал, үнийн зөрүүг тухайн үеийн бус, өнөөгийн ханшаар тооцож төлөхгүй бол барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар захиалагчдын төлөөлөл “Би хүний нутагт дөрвөн жил хар бор ажил хийж олсон мөнгөөрөө 2019 онд байр захиалж, төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл одоо дахин мөнгө нэхэж, хуулиар далайлгаж байна. Бидэнд нэмж төлөх боломж үнэхээр алга. Шүүхэд хандахаар компанийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаадаг” гэв.
Тэд эрх ашгаа хамгаалуулахаар 2023 оноос хойш цагдаа, шүүхийн байгууллагад удаа дараа хандсан ч асуудал шийдэгдээгүй аж. Иймд тэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлж, хотын удирдлага, компани болон захиалагчдын төлөөллийг оролцуулсан гурван талт уулзалт зохион байгуулах хүсэлт тавьжээ.
Э.Сондор