-F10 оношоор 8500 гаруй хүн хэвтэн эмчлүүлснээс долоо нь 10-19 насныхан-
2010 он
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Архигүй Монголын төлөө” санаачилга дэвшүүлж, архидан согтуурахтай бүх нийтээрээ тэмцэх талаар ард иргэддээ уриалав. Үүний хүрээнд 2015 онд “Архигүй Монгол” үндэсний чуулган зохион байгуулсан билээ. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлого нэмэгдэж, үүний улмаас жилд дунджаар 480 орчим хүн нас барсан хэмээн мэдээлж байв. 2013 онд хийсэн Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь архи ууж үзсэн, 11.8 хувь согттолоо хэрэглэж байсан гэж хариулжээ. Харин насанд хүрэгчдийн хувьд сүүлийн нэг сард хэтрүүлэн хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 23.5. Согтуугаар үйлдсэн гурван хэрэг тутмын нэг нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийнхнээ хүчирхийлсэн байна.
2022 он
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргалаа. Архины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгож байв. Манай улс 2020 оны байдлаар жилд 120.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэдэг. Энэ нь 21-ээс дээш насны нэг иргэнд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож буй гэсэн үг. Үүний 12 литр нь хатуулаг өндөртэй архи аж. Эдгээр үзүүлэлт нь ДЭМБ-ын тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр гэдгийг тухайн үед Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх байсан Т.Мөнхсайхан тодотгосон юм.
2026 он
Ерөнхий сайд Н.Учрал “Саруул Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэв. Тэрбээр архи өвчин гэдгийг онцлоод архины хамааралтай иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх, амьдралын зөв хэвшилд оруулах чиглэлээр Засгийн газраас улс даяар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв. Сонгинохайрхан дүүрэгт архины хамааралтай иргэдийг сургалтад хамруулж, ажилтай, орон гэртэй болгосон ч зарим нь хоёр сарын дараа гэрээ зарж, хашаагаа шатаагаад алга болсон талаар ч жишээ татсан. Архины хамааралтай хүнийг ажил, орон байртай болгох замаар асуудлыг нь шийдвэрлэх боломжгүй, өвчин, эмгэгийн хувьд авч үзэж, цогцоор нь үйлчилгээ үзүүлэх шаардлагатайг харуулж байна хэмээсэн. Иймд Засгийн газраас архины хамаарлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалах зорилгоор “Саруул Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх юм гэнэ.
НЭГ ХҮНД НОГДОХ АРХИНЫ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭ 22 ЛИТР СПИРТ
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ийн архины асуудалд санаагаа чилээж, сайхан нэртэй хөтөлбөр санаачилж, зарлиг лүндэн буулгаад ч өнөөдөр Монгол Улсад архины хэрэглээ багасаж, архичдын тоо цөөрч, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмт хэрэг, зөрчил буурсангүй. Харин ч сүүлийн жилүүдэд архины хамаарлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид олширч буйг мэргэжилтнүүд сануулах боллоо. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 онд танилцуулсан мэдээллээс үзэхэд Монгол Улс архинаас үүдэлтэй нас баралтаар дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. 15-аас дээш насны нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээ 22 литр спирт. Хүн амын 4.4 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй. Харин өсвөр үеийнхний 70.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байна. Эдгээр тоонууд монголчууд архинд живсэн хэвээр байгааг илтгэх хөдөлшгүй баримт юм.
Архинд донтох болон хэтрүүлэн хэрэглэдэг хүний тоо сүүлийн таван жилийн үзүүлэлтээс харахад тогтвортой нэмэгдэж буйг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг хэллээ. Монголчууд архийг хэтрүүлэн хэрэглэдэг нь дэлхийн дунджаас өндөр, үүнээс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, осол гэмтэл, сэтгэцийн эмгэгт өртөөд зогсохгүй, хөдөлмөрийн насны залуусын нас баралтад архины хэтрүүлсэн хэрэглээ гол нөлөө үзүүлж буйг ДЭМБ судалж тогтоосныг тэрбээр дурдсан юм. Хэдийгээр СЭМҮТ-ийнхөн эрт илрүүлэг, анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэхээр ажиллаж буй ч жил ирэх тусам архины хэрэглээ нэмэгдэж, хэрэгцээ, шаардлага өндөр болж байгааг учирласан. Иймээс олон салбар хамтарч ажиллахгүй бол сайн үр дүн гарахгүй гэдгийг ч сануулсан юм.
Тус эмнэлгийн Донтох эмгэг судлалын тасгийн эмч Л.Мягмарсүрэнгээс архинд донтох эмгэгийн тусламж, үйлчилгээний талаар тодруулахад “Манайх архины хамааралтай хүмүүст амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тасагт нэг хүн 7-8 хоног хэвтдэг. Мөн өдрийн эмчилгээгээр хордлого тайлах болон сэтгэл зүйн засал хийж байгаа. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлсний дараа өдрийн эмчилгээнд хамрагдсанаар нийт 21 хоног донтолтын эсрэг цогц тусламж авч болно” гэв. Мөн тэрбээр “Архинд донтох нь даамжирсаар архагшдаг сэтгэцийн эмгэг юм. Энэ үйл явц гурван үе шаттай үргэлжилдэг. Нэгдүгээрт, сэтгэл зүйн хараат байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, таны сэтгэл санааны байдал тухайн бодисоос хамааралтай болно.
Архи хэрэглэх дур хүсэл шалтгаангүй үүснэ, нэгэнт ууж эхэлсэн бол хяналтаа алдаж, улам даамжирна. Хоёрдугаарт, бие махбодын хараат байдал үүсдэг. Энэ нь архи, согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоосон үед биед зовуурь өгч эхэлдэг. Шартсаны маргааш нь биеийн зовууриа архи ууж засдаг бол хамааралтай болсны шинж. Гуравдугаар үе шатанд шарталтын хүнд хэлбэрүүд илэрдэг. Солиорол, таталт өгөх, зан төрхийн өөрчлөлт тодоор илэрнэ. Мөн бие хүний бууралт гэх зүйл болдог. Энэ нь хэнтэй ч, хаана ч, юу ч хамаагүй уух, ичих, санаа зовох мэдрэмж үгүй болохыг хэлдэг юм” гэлээ. Энэ мэт шинж тэмдэг илэрвэл савнаасаа бусдыг дийлдэг сархдаас хараат болж буйн дохио аж. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдэж, донтох эмгэгт өртөх нь ихэссэн байна. Тухайлбал, тус эмнэлгийн Донтох эмгэг судлалын тасаг 33 ортойгоор тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Одоогоос зургаан жилийн өмнө тухайн тасагт эмэгтэйчүүдэд зориулсан дөрвөн ортой байсан бол өдгөө багадаа найм, түүнээс олон байх хэрэгцээ, шаардлага үүсжээ. Энэ нь эмэгтэйчүүд архины хамааралтай болж, донтох эмгэгт өртөж буйг илтгэнэ. Үүгээр зогсохгүй архины солиорлын улмаас тус эмнэлгийн үүдийг татах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд нь хэлсэн юм. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэхгүй архийг хэтрүүлэн хэрэглэж, ухаан санаагаа алдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрч буй нь үндэсний эмгэнэл. ДЭМБ-аас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэмжээ долоон литрийг давбал үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэж үздэг. Манайд улсад энэ аюул хэдийн нүүрлэж, харанга дэлдсэн хэвээр. Гэтэл энэ бүхнээс гарах гарц, гаргалгаа, арга зам бүрхэг.
НИЙТ САНХҮҮЖИЛТИЙН 19 ХУВИЙГ ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛЖ БАЙНА
Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүн төдийгүй улс, орны нийгэм, эдийн засгийн байдалд ихээхэн хор уршигтайг зарим нэг тоо баримтаас харъя. Өвчний олон улсын ангиллаар архины хамааралтай хүмүүсийг архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг (F10)-тэй өвчтөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эмгэгийг олон улсад F00-F99 оношоор тодорхойлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Үүн дотор сэтгэцэд нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг (F10-F19) багтдаг. Манай улсад сүүлийн дөрвөн жилд сэтгэцийн эмгэгийн эл оношоор амбулаторийн тусламж, үйлчилгээ болон хэвтэн эмчлүүлчдийн мэдээлэлд доктор Э.Энхмаа дүн шинжилгээ хийсэн байна. Түүний “Монголын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн төлөв байдал, хандлага” судалгаанд дурдсанаар манай улсад сэтгэцийн тусламж, үйлчилгээг 2022-2024 онд нийт 79 861 иргэн давхардсан тоогоор 347 мянга гаруй удаа авсан байна. 2025 онд 27 мянга гаруй хүн ийм төрлийн тусламж, үйлчилгээ авснаас F10 хамгийн их байжээ. Тодруулбал, өнгөрсөн онд СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн хүмүүсийн 15 хувь буюу 18 мянга нь архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгийн улмаас тус төвд хандсан байна. Эл эмчилгээнд зориулж ЭМДС-гаас найман тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тухайн жилд олгосон нийт санхүүжилтийн 19 хувьтай тэнцэж буй. Нэг ёсондоо бид татварынхаа багагүй хувийг архинд донтох эмгэгтэй иргэдэд “хандивлаж” байна. Харамсалтай нь, тэд дан ганц эмийн эмчилгээ, эсвэл СЭМҮТ-д хэд хоног хэвтээд “засал” авчихдаггүй. Эмийн болон сэтгэц заслын эмчилгээний дараа тэдэнд нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ шаардлагатай байдгийг эмч нар хэлдэг. Аливаа донтолт нь урт хугацааны туршид бий болдог тул үүнээс салахад ч багагүй хугацаа, саад бэрхшээл туулдаг гэдэг. Тиймдээ ч Ерөнхий сайдын хэлсэн шиг орох орон, оочих аягатай болгосон ч сэтгэцийн эрүүл мэндийг нь бүрэн эмчлээгүй бол шалбаагтаа шигддэг жишээ түгээмэл. Гэр хороолол ч гэлтгүй орон сууцын үүд, айлын цонхны доор байнга архидан согтуурдаг хэсэг нөхөд бишгүй л таардаг. Шил шилээр нь архи хөнтрөх тэдэнд “Архигүй Монгол”, “Эрүүл Монгол” “Саруул Монгол” гэж яриад ойлгохгүй, харин мэргэжлийн байгууллагууд нь чиглэл бүрдээ анхаарч, өвчин, эмгэг гэдгээр нь харж, эмчилж, эдгээн, нийгэмшүүлэх нь чухлыг мэргэжлийн хүмүүс нь хэлж байна.
Энэ мэтээр архинд донтох эмгэг, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэх, стрессийн эмгэгийн тархалт манай улсад өндөр байгаа нь Монголын нийгэм, эдийн засгийн “толь”болж буй. Өнгөрсөн онд гэхэд л дээрх шалтгааны улмаас тусламж авсан хүмүүс СЭМҮТ-д үйлчлүүлсэн иргэдийн 82 хувийг эзэлжээ. Манай улсад 1984-1992 онд хийсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны дүнтэй харьцуулахад өдгөө архинд донтох эмгэг 42.7 дахин өсчихлөө. Үүний баталгаа нь F10 оношоор буюу архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгийн улмаас улсын хэмжээнд өнгөрсөн онд 10 мянга гаруй хүн тусламж, үйлчилгээ авснаас харж болно. Тэдний 4300 нь 15-44 насныхан байна. Өчигдрийн байдлаар гэхэд улсын хэмжээнд нийт 8591 хүн дээрх оношийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлсэн юм. Сэтгэл эмзэглэм нь 10-14 насны хоёр хүүхэд архинд донтох эмгэгийн улмаас эмнэлэгт ханджээ. Манай улсад архины хэрэглээ, донтох эмгэг аюулын түвшин давсныг дахин сануулъя. Эмгэг болтлоо ужгирч, архинд толгойгоо мэдүүлсэн залуус эмнэлэгт, эсвэл гудамжинд хэвтэж байна.