Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУА-иас “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 26-27-нд зохион байгуулна.
Энэхүү чуулга нь Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Чуулга уулзалтаар эрдэмтэн судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх таниулах, урамшуулахаас гадна шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгч оролцоно.
Мөн арга хэмжээний хүрээнд шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Шинжлэх Ухаан- Үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн худалдааг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 28-29-нд зохион байгуулах юм байна.