Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-тэй зэрэгцэн манай нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгч тус улсын нийслэл Бразилиа хотын ИТХ-ын туршлагыг судлахаар явсан даа. Тэднийг Дундговь аймгийн ИТХ-ын 12 төлөөлөгч дуурайн, орон нутгийн төсвийн 50 сая төгрөгөөр Чех, Словак явжээ. Үүнийгээ “Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу гадаад улс орнуудтай уламжлалт харилцааг өргөжүүлж, салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр...” хэмээн эерүүлсэн байна. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нараар ахлуулсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн баг энэхүү аяллаараа Чех болон Словак улсын хөдөө аж ахуй, ундны усан хангамж, өвлийн хүлэмжийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн туршлагаас судалж, Словак улсын Долны Оравы мужийн төв Долны Кубин хоттой боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах гэнэ.
Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхамаар дамжуулан, тус улсын нэг мужтай хамтын ажиллагаа тогтоож, Дундговь аймагт мах, сүүний чиглэлийн томоохон ферм байгуулах, Мандалговийн ундны усны чанар, аюулгүй байдлыг сайжруулахыг гол зорилгоо болгосон гэх энэ аяллын бүрэлдэхүүнд дэндүү олон хүн оруулсан нь тэднийг ажил хэргийн айлчлал хийж яваа биш, ангийн нөхөд аяллаар явжээ гэж харагдуулж байна. Долдугаар сарын 8-нд баталсан эл тогтоолын хавсралтад Чехэд очоод заалгах сургалтын зардал гэж бичжээ. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав өнгөрсөн хавар Чех явж, тэндхийн нэг мужтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Д.Зүмбэрэллхамаас хүссэн аж. Уг нь ийм хүсэлтийг албан бичгээр явуулчихаж болох байсан ч С.Буджав дарга өөрийн биеэр очихыг илүүд үзжээ. Харин энэ удаад олуулаа очив. Ингэхдээ төсвийн мөнгөөр явжээ.
Монгол орны эдийн засаг хүндэрч, улс даяараа бүсээ чангалж байхад Дундговийнхон дураараа аялсаар. Энэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ жил анх удаа гадаад явж байгаа юм биш. Дөнгөж сарын өмнөхөн аравдугаар сарын 23-27-нд орон нутгийн төрийн албан хаагчид, ахмадууд, сургуулийн багш нар, театрын жүжигчдээ дагуулан, ОХУ-ын Улаан-Үд хотод өргөн бүрэлдэх үүнтэйгээр зочлон, мөн л туршлага судлаад ирсэн. Овоо юм мэдэж авсан байгаасай, түүнийгээ ажил амьдралдаа нэвтрүүлээсэй гэж найдъя. Нийслэлийн ИТХ-ын 18 төлөөл өгч Бразилиад очоод хоосон танхимаас “туршлага судалж” буй зураг нь олон нийтэд ил болж, туршлага судлах нэрийдлээр төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн ДАШТ үзсэн нь илчлэгдсэн. Тиймээс тэд нийслэлийн төсвөөс авсан мөнгөө Бразилаас ирээд ард иргэдийн шаардлагын дагуу хувиасаа буцаан төлсөн. Тэгвэл Чех, Словакаас туршлага судалж яваа нөхөд яах бол.
Х.БОЛОР