“Би 30 жил алба хашиж хурандаа болсон. Харин миний хойч үе гурван жил ажиллаад л энэ цолыг хүртдэг болжээ” хэмээн дүрэмт хувцсаа өмсөж, цол тэмдгээ зүүсэн хурандаа нар ярилцана. Тэд “Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан зохион байгуулж буй хурандаа нарын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн нь энэ. Хил хамгаалах ерөнхий газрын түүх судлалын секторын дарга Ч.Алтангэрэлийн санаачилгаар 2006 онд хурандаа нар нэгдэж, эх оронч үзэлтэй залуу үеийнхнийг бэлтгэн гаргах, армийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор уг нийгэмлэгийг байгуулжээ. Энэ хугацаанд тэрбээр армийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгд үүлэх болон цол тэмдгийн маргаантай асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, зарим агентлагийн захиралтай уулзаж байсан ч дорвитой арга хэмжээ аваагүй аж. Тиймээс тэтгэвэрт гарсан болон алба хашиж буй хурандаа нар өчигдөр цуглан “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүнээр хурандаа Ч.Баатарыг сонгож, туг, лого, энгэрийн тэмдэгтэй болж, дүрэм журмаа баталлаа.
Улсаас генералуудад тэтгэвэр дээр нь цолны мөнгө нэмж өгдөг. Гэтэл бодит байдал дээр үүрэг гүйцэтгэгч нар илүү их ажил хийдгийг тэд хэлэв. Мөн “Генерал төв” ТББ зөвхөн генералуудын эрхийг хамгаалахын тулд үйл ажиллагаа явуулж, бусад албан хаагчдыг ойшоохгүй байгааг санууллаа. Түүнчлэн тэд урлаг соёл, спортынхонд цэргийн цол тэмдэг гардуулах нь буруу гэж үзэж байна. Энэ талаар ШШГЕГ-ын даргаар 1990-1993 онд ажиллаж байсан Ж.Чойндон “Цэргийн сургуульд яваагүй, алба хашаагүй, энэ талаар ямар ч мэдлэггүй хүн бидний олон жил хөдөлмөрлөж байж авдаг цолыг хүртдэг. Начин цолыг хошууч цол зүгээр л дагалдаж байна. Гэтэл цэргийн албан хаагчид энэ цолыг авах гэж олон жил хөдөлмөрлөдөг” гэв.
Э.НЯМДУЛАМ