Хэнтий аймаг анх 2007 онд усан спортын төвтэй болсон ч тоног төхөөрөмж нь эвдэрсний улмаас үйл ажиллагаа явуулалгүй хэдэн жил сул зогссон аж. Үүнийгээ Орон нутаг хөгжүүлэх сангийн 120 сая төгрөгөөр шинэчлэн засаж, энэ сарын 23-нд ашиглалтад оруулсан байна. Өвөрмонголын Хөлөнбуйр аймаг уг төвд усан сан болон сауны тоног төхөөрөмж бэлэглэн, мэргэжилтнүүдээ илгээн суурилуулж өгчээ.
“Дээлээ сольсон” усан спортын төвийнхөө нээлтэд зориулан, 25-50 метрийн задгай сэлэлт, эрэгтэй эмэгтэй холимог буухиа төрлөөр тэмцээн зохион байгуулахад долоон байгууллагын 15 тамирчин оролцжээ. Тэднээс “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн баг түрүүлсэн байна. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэрэмжит тэмцээнийг цаашид сар бүр зохион байгуулахаар болжээ.