Эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I дүгээр ээлжийн 120 албан хаагч бүхий цэргийн багийн бие бүрэлдэхүүн жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцов.
Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах, тогтворжуулах зорилготой “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний ажиллагаа” нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд манай улсаас 2003-2014 оны хооронд 10 ээлжээр нийт 3000 гаруй цэргийн алба хаагч энэхүү ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.