Манай улс элэгний С вирусийг эмчлэх “Харвони”, “Софосбувир” эмийг бүртгэлдээ оруулснаар иргэд эдгээрийг хямд үнэээр авах боломж бүрдээд буй. АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эмийг Канад улсын “Фатеон” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн, манайд “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын сүүлчээр нийлүүлэх юм. Уг эмийг хэн, хаанаас, хэрхэн худалдаж авах талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач, их эмч, Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Манайд элэгний С вирустэй хэчнээн хүн байдаг юм бол оо. Халдвартай, эсэхээ мэдэхийн тулд хаана хандах вэ?
-Хүн амын 10 хувь гэж үзвэл манайд ийм халдвартай 300 орчим мянган хүн бий. Эдгээр хүн эхлээд харьяа аймаг, дүүрэг, сумынхаа Өрхийн эрүүл мэндийн төвөөс гепатитийн С вируст халдварын талаарх мэдээлэл, зөвлөгөө авна. Лабораторийн шинжилгээгээр өмнө С вирустэй гэж оношлогдсон, эсвэл өвдсөн байж болзошгүй хүмүүс харьяа дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, Улсын I, II, III төв эмнэлэгт хандаарай. Одоогоор эдгээр эмнэлгээс тус тус нэг эмчийг гепатитийн С вирусийн халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх сургалтад хамруулаад байна. Улсын эмнэлгүүдэд үзлэг, зөвлөгөө үнэгүй, харин лабораторийн шинжилгээг төлбөртэй хийж буйг анхаараарай. Хэрвээ тухайн хүн хүсвэл хувийн эмнэлэгт хандаж болно. Хувийн эмнэлгүүд төлбөрөө хэмжээгээ өөрсдөө тогтоодог тул харилцан адилгүй. Одоогийн байдлаар “Интермэд”, “Ливерген”, “Грандмед”, “Ачтан”, “Гурван гал”, “Дархан детект”, “Улаанбаатар Сонгдо”, “Элэг” төв, “Элэг” эмнэлэг, “Ринчендаваа”, “Бичгэн булаг” болон АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн нэгээс хоёр эмчийг дээрх сургалтад хамруулаад байна.
-Гэхдээ дээр дурдсан улсын эмнэлгийн зарим нь С вирусийн шинжилгээ хийхгүй байгаа юм билээ. Өмнө нь шинжилгээ хийлгэсэн хүмүүс С вирусээ дахин тоолуулах шаардлагатай юм уу?
-Үгүй, тэгэх шаардлагагүй. Шууд эмчилгээгээ эхлүүлнэ. Дээрх эмнэлгүүдэд үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээ хийж, хяналт тавина. Харин С вирусийн эмийг олгож, худалдахгүй. Зарим төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораторид С вирусийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй, байгаа хэд нь ачааллаа даахгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ шинжилгээ хийх чадамжтай лабораториудыг удахгүй олон нийтэд зарлана. Одоогоор хараахан тодорхой болоогүй байна.
-С вирустэй хүн бүр хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой юу?
-Уг вирусийг эмчлэх “Рибавирин”, “Интерферон” эмийг манай улс өмнө нь бүртгэсэн байдаг. Харин өдгөө дэлхийн зах зээлд эмчилгээний 90 гаруй хувийн үр дүнтэй “Софосбувир”, “Харвони” эмийг хэрэглэж байна. Тиймээс иргэд дээр дурдсан улсын болон хувийн эмнэлгийн мэргэжлийн эмчид үзүүлсэн, лабораторид хийлгэсэн шинжилгээг нь үндэслэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай, эсэхийг тогтооно. Эмчилгээ хийлгэх, эсэхээ тухайн өвчтөн өөрөө шийднэ. Гэхдээ өвчнөө эмчлүүлэхгүй бол элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг санах хэрэгтэй6