
Зун цаг айлчлан ирж, амралт зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн аяллын майхны борлуулалт эрс нэмэгддэг. Гэвч манай улсад аяллын хэрэгслийн аюулгүй байдал, химийн найрлагыг шалгах нэгдсэн стандарт өнөөг хүртэл алга. Зах зээлд худалдаалж буй хямд майхны химийн нэгдлүүд халуун наранд ууршин, ялангуяа бага насны хүүхдийг хордуулах, цаашлаад эрүүл мэндэд нь урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Барилгын материал болон хүнсэнд хатуу хяналт тавьдаг хэрнээ аяллын хэрэгслийг химийн хорт бодис агуулсан, эсэхийг нь ч шалгалгүй нэвтрүүлсээр буй нь харамсалтай. Мэдээлэлгүй, дээр нь стандартгүй зах зээлд хэрэглэгчид сохроор сонголт хийж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу. Урин дулааны улиралд хөдөө талыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр тоос татуулан давхих автомашины тээшинд, эсвэл замын хажуугийн сүүдрэвчинд хамгийн түрүүнд баглаатай харагдах зүйл бол майхан. Гэвч бид майхан сонгохдоо ихэвчлэн үнэ өртөг, ус нэвтрүүлэх чадвар, дэлгэхэд хялбар байдлыг л чухалчилдаг. Харин ямар материалаар хийсэн, агааржуулалт сайтай, эсэх, халуун наранд химийн бодис ялгаруулдаг уу, галд тэсвэртэй юү гэдгийг төдийлөн анхаардаггүй.
Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй химийн бодис агуулагдаж буй, эсэхийг хэрэглэгч шууд хараад мэдэх боломжгүй. Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдээр амарч явсан нэгэн гэр бүлд то¬хиолдсон таагүй явдал үүний тод жишээ болов. Нийслэлийн түгжрэлээс зайлсхийж, цаг хэмнэх зорилгоор тэд цахим платформоос 150 мянган төгрөгийн үнэтэй, “шиддэг” майхан худалдан авчээ. Байгалийн сайханд төвхнөснийхөө дараа хүүхдээ майхандаа унтуулж үлдээгээд, өөрсдөө гадаа суусан аж. Гэтэл хэсэг хугацааны дараа хүүхдээ шалгахаар очиход дуудсан ч хариу өгөхгүй, ухаан алдсан байж. Сандарч мэгдсэн эцэг, эх нь эмнэлэгт яаралтай хандаж, хүүхдэдээ цус болон шээсний ерөнхий шинжилгээ хийлгэсэн байна. Ар гэрийнхнийх нь мэдээлснээр энэ нь халууны нөлөөгөөр майхны хуванцар болон цавуунаас ялгарсан хорт бодистой холбоотой байж болзошгүй гэнэ. Гэхдээ яг ямар бодис, хэр хэмжээгээр нөлөөлснийг тусгайлсан хор судлалын эрсдэлийн (токсикологийн) шинжилгээгээр эцэслэн тогтоох боломжтой аж. Яг эндээс хүүхэд, хөгшид олон цагаар унтаж амардаг майхны доторх орчин хүний эрүүл мэндэд аюулгүй, эсэхийг хэн шалгадаг вэ гэсэн асуулт ч мөн урган гарна.
БҮГЧИМ ОРЧИНД ХОРТ БОДИСЫН АГУУЛАМЖ 10-50 ДАХИН ИХЭСДЭГ
Гадаах орчны температур 30 хэмийн дулаан байхад нарны шууд тусгал дор байрлах ганцхан давхар бүрхүүлтэй, агаарын солилцоо муутай майхан доторх температур хэдхэн минутын дотор 45-52 градус хүртэл огцом халдаг. Майхныг ус, чийгээс хамгаалах зориулалттай PVC материал болон химийн будагч бодисууд нь ийм өндөр халуунд улам идэвхжиж, агаарт хорт хий болон ууршдаг аж. Физиологийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй, нас залуу хүн 40 хэмээс дээш халуунд удаан байвал бие өөрийгөө хөргөх чадваргүй болж хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Харин бага насны хүүхдүүдийн хувьд илүү хурдан амьсгалдаг, уушгины эзлэхүүн нь жижиг тул агаар дахь хорт бодисыг богино хугацаанд хурдтай “сорон” авдаг гэнэ. Үүгээр зогсохгүй багачуудын элэг, бөөр хорт бодисыг биеэс гадагшлуулах үйл явц нь насанд хүрсэн хүнийхээс сул учраас ижил орчинд адил хэмжээний химийн бодист өртсөн ч томчуудад толгой эргэх төдий шинж тэмдэг илэрч байхад хүүхэд ухаан алдах, амьсгалахад хүндрэлтэй болох эрсдэлтэй. ДЭМБ болон АНУ-ын Байгаль орчны хамгааллын агентлагийн судалгаагаар агаарын сэлгэлт муу, бүгчим орчинд хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-50 дахин нэмэгдэж, амьсгалын зам болон төв мэдрэлийн системийг цочмог хордуулдаг болохыг то㬬тоожээ. Стандартын шаардлага хангахгүй майханд ашигладаг гол химийн бодисуудыг хор судлалын үүднээс авч үзвэл нэлээд хэдэн асуудал бий. Тухайлбал, фталат нь хатуу PVC хуванцрыг уян хатан, зөөлөн болгоход хэрэглэдэг химийн бодис бөгөөд бага насны хүүхдийн мэдрэлийн хөгжил, нөхөн үржихүйн системд сөрөг нөлөө үзүүлж, урт хугацаандаа гормоны тэнцвэрийг алдагдуулдаг байна. Мөн үйлдвэрүүд хямд үнэтэй майхны заадас болон ус нэвтрүүлдэггүй давхаргуудыг наахдаа формальдегидийн суурьтай цавуу ашигладаг. Энэ нь хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис бөгөөд халуунд ууршиж, агаарт дэгдсэнээр амьсгалын замын салст бүрхэвч цочирч, бронхит, харшил, цочмог астма үүсгэдэг аж. Түүнчлэн майхныг галд тэсвэртэй болгох зорилгоор даавуунд нь бромжуулсан хорт нэгдэл их хэмжээгээр түрхдэг. Энэ нь арьс болон амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч, бамбай булчирхайн дааврын нийлэгжилтийг сааруулахаас гадна тархины танин мэдэхүйн чадварт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн майхныг ус, тос болон толбоноос хамгаалах зорилгоор ашигладаг PFAS төрлийн химийн нэгдэл нь урт хугацаанд биед хуримтлагдсанаар дархлааны тогтолцооны вакцинд үзүүлэх хариу урвалыг сулруулж, холестерины түвшнийг нэмэг дүүлэх эрсдэлтэйг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс анхааруулжээ.
ЭРСДЭЛИЙГ НЬ НАРИЙВЧЛАН ҮНЭЛСЭН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад аяллын майхныг энгийн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс ангид авч үздэг. Харин хүүхдийн тоглоом, хувцас зэрэг бүтээгдэхүүнтэй ижил хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, химийн найрлага, аюулгүй байдлыг нь нарийвчлан шалгадаг аж. Тухайлбал, Европын Холбооны зах зээлд худалдаалж буй майхан REACH журмын шаардлагыг хангах ёстой бөгөөд фталат, хүнд металл болон аюултай, бромжуулсан галд тэсвэржүүлэгч бодис ашиглахыг хориглодог. Эл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхгүй, худалдаанаас эргүүлэн та-таххүртэл арга хэмжээ авдаг байна. Харин Япон Улсад майхны агааржуулалт болон нарны хэт ягаан туяанд материал нь хэр тэсвэртэйг олон үзүүлэлтээр нарийн шинжлэн тогтоодог. Харин манайд байдал ямар байгаа билээ дээ. Гаалийн байгууллага аяллын майхныг ердөө л гэр ахуйн даавуун бараа гэх ерөнхий ангиллаар хилээр нэвтрүүлж, зөвхөн татвар авахаас бус, химийн найрлагыг нь шалгадаггүй. Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газарт аяллын хэрэгслээс ялгарах дэгдэмхий органик нэгдэл (VOCs)-ийг хэмжих нарийвчилсан лаборатори, стандарт өнөөг хүртэл алга. Төрийн байгууллагуудын ийм уялдаа холбоогүй байдал, хяналт шалгалтын “цоорхой”-г ашиглан бизнес эрхлэгчид урд хөршөөс чанарын шаардлага хангахгүй, хаягдал материалаар хийсэн, бусад оронд зарах эрхгүй химийн хорт нэгдэлтэй “хог”-ийг хямд үнээр эх орон руугаа зөөсөөр.
Тиймээс эл асуудлыг шийдвэрлэхийн тулд аяллын майхан болон бусад даавуун хэрэгсэлд агуулагдах химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, агаар сэлгэлтийн үзүүлэлт, халуунд хорт бодис ялгаруулах эрсдэлийг нь нарийвчлан үнэлсэн үндэсний хэмжээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн яаралтай боловсруу-лах шаардлага ийн тулгараад байна. Мөн импортын майхныг хилээр нэвтрүүлэхдээ санамсаргүй түүврийн аргаар дээж авч, химийн хорт бодис болон дэгдэмхий органик нэгдлийн ялгарлыг нь шинжилдэг нэгдсэн тогтолцоог бий болгох учиртай талаар орчны эрүүл мэнд судлаачид анхааруулж буй. Төр засаг шаардлагатай стандартыг баталж, хилээр нэвтрүүлж буй майхан болон бусад бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах хүртэл иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахдаа сонголт, хэрэглээндээ анхаарах хэрэгтэй. Тиймээс шинээр худалдаж авсан майхнаа шууд аялалд авч явахгүйгээр эхлээд гадаа дэлгэж, хэд хоногийн турш сайтар “салхилуулах” нь зүйтэй. Сав баглаа боодлыг нь нээхэд цавуу, хуванцар, химийн бодисын хурц үнэр сэнгэнэж байвал тухайн бүтээгдэхүүнээс дэгдэмхийхортой нэгдэл ялгарч буйг илтгэх энгийн дохио гэнэ. Мөн “шиддэг” майхны оронд 2-3 давхар бүрхүүлтэй, хоёроос доошгүй цонх, хаалгатай загвар нь илүү аюулгүй аж.