БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын эцсээр Америкт айлчлах гэж буйг нь үл харгалзан цахим тагнуул хийснийх нь төлөө тус улсын зарим иргэн, хуулийн этгээдийн эсрэг хориг тавина гэж АНУ-ын төрийн нэгэн албан хаагч CNN телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Уг арга хэмжээг энэ долоо хоногт авч магадгүй аж. Хоригийг хэдэн сарын хугацаатай тавих бололтой. Си Зиньпиний айлчлалаас өмнө түүнийг хэрэгжүүлэх нь зохимжгүй гэж үзэх хүмүүс байгаа ч хориг тавих аюул бодитой байвал Хятадын удирдлагыг цахим тагнуулын асуудлаар хэлэлцээрийн ширээнд суулгах магадлал их болно гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байгаа юм байна.