Нийтийн тээврийн компаниудын балаг хэзээ барагдах юм бол. Өнгөрсөн бямба гаригийн өглөө “Атибус” компанийн 23-41 УНБ улсын дугаартай “Хороолол-МУИС-Дүнжингарав” чиглэлийн том оврын автобусны тоормос ажиллагаагүй болж, замын хажуу руу орсны улмаас ноцтой осол гаргах шахлаа.
III, IV хорооллоос “Гэсэр”-ийн уулзвараар уруудаж явсан уг автобусанд 33 зорчигч байжээ. Золоор тэднээс бэртэж гэмтсэн хүн үгүй гэнэ. Тоормос нь ажиллахгүй болонгуут жолооч эсрэг урсгалд орж, улмаар замын хажуугийн өндөрлөг рүү жолоогоо чиглүүлсэн нь оновчтой шийдвэр байсныг албаныхан хэлж байна.
Аз болоход амралтын өдөр, тэгээд өглөө эрт байсан тулдаа эсрэг урсгал машингүй байжээ. Хэрэв өөдөөс нь машин ирсэн бол юу болохыг төсөөлөхөд бэрх. “Чингэлтэй дүүргийн V хороо, “Гэсэр” сүмийн уулзварт автобус замын хажуу руу орж, зорчигчид гарч чадахгүй байна” гэсэн дуудлага 08.35 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай жижүүрт ирсэн байна.
Дуудлагын дагуу аврах, гал унтраах X ангийнхныг ослын газарт очиход автобус баруун талаараа 45 градус хазайсан байдалтай, зорчигчид нь гарч чадахгүй, хөдөлбөл автобус замын хажуу руу унах эрсдэлтэй байжээ.
Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, автобусыг зүүн талын гэрлийн шонгоос олсоор бэхэлж, тусгай багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна.
Мөн “Атибус” ХХК-ийн эксковаторыг авчруулж, баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийн, урд хаалгаар зорчигчдыг аюулгүй гаргажээ. Аврах ангийн эмч нар дөрвөн хүнд үзлэг хийхэд ямар нэгэн бэртэл байгаагүй аж.
Л.ГАНЧИМЭГ