Баянгол дүүргийн нутагт явж байсан “Тоёота Раум” маркийн 44-78 УНИ улсын дугаартай автомашиныг энэ сарын 3-ны 05.00 цагийн үед гэмт этгээдүүд дээрэмджээ.
Уг машины жолооч тухайн үед хувиараа таксийн үйлчилгээнд явж байсан бөгөөд машинд нь суусан 3-4 залуу гэр хорооллын гудамжинд орсныхоо дараа хоолойг нь боомилжээ. Энэ үеэр жолооч нь самбаачлан гэмт этгээдүүдийн гараас мултарч, зугтсан гэнэ.
Ингээд цагдаа дуудаж, хэргийн газарт дагуулан ирэхэд хэрэгтнүүд машиныг нь хөлөглөн зугтсан байжээ. Өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн машиныг нь эрэн сурвалжилж байгаа юм. Бор шаргал өнгийн 44-78 УНИ улсын дугаартай дээрх машиныг харсан, хаана байгааг нь мэдэж буй хүмүүсийг тус хэлтэст хандахыг цагдаагийн байгууллагаас хүслээ.
Г.РАВЖАА