Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарт холбогдох гомдлыг өнгөрсөн баасан гаригт Шүүгчийн ёс хорооны гишүүд хэлэлцээд түүний эсрэг гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ. Бидэнд олдсон мэдээллээр “М.Алдар эрүүгийн хэргийн холбогдогчийг цагдан хорих шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчилсөн.
Үүнээс болж сэжигтэн нь батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн” гэсэн гомдол Шүүгчийн ёс зүйн хороонд ирсэн аж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт хууль бусаар алт олборлож байсан “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогтыг өнгөрсөн зургадугаар сард Мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцон шалгажээ.
Ингэхдээ прокурорын саналаар тухайн үеийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Гэвч тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт ерөнхий шүүгч М.Алдарт хандсанаар цагдан хоригдохоо больсон аж.
Тэрбээр хууль бусаар алт олборлосноос гадна бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт сэжиглэгдсэн байдаг. Батлан даалтад гарсныхаа дараа алт олборлож байсан дээрх газартаа нэг бус удаа очиж, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн аж.
Тэр болгонд нь мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын байгууллагынхан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, байгаль орчны үнэлгээ хийдэг хувийн компаниуд зардал чирэгдэл гарган экологид учруулсан хохирлыг нь тооцохоор явсан байна. Энэ бүхэнд шүүгчийг буруутгаж, мөрдөн байцаах байгууллагаас гомдол гаргасан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн эх сурвалж мэдээллээ.
Шүүгч, прокурортой холбоотой өөр нэг хэрэг АТГ-т нэлээд удаан хугацаанд шалгагдаж буй ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа аж. Хуучнаар Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Н, тус дүүргийн хяналтын прокурор О нар нь эрүүгийн хэрэгт холбогдсон хүнээс хахууль авч, шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан хэмээн сэжиглэгдэн шалгуулаад нэлээд удаж байгаа гэнэ.
Г.РАВЖАА