- Хоёр хүүхдээ хазаж тарчлаасан эцэг хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр
эрх чөлөөтэй болох уу –
Насанд хүрээгүй охин хойт эцгийнхээ хоёр хүүхдийг төрүүлжээ. Хүссэндээ биш, хүчирхийллийн золиос болсон учраас тэр. Төрсөн ээж нь охиноо хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд л тэр хүүхдийн эцэг нь өөрийнх нь нөхөр болохыг мэдсэн гэнэ. Гэхдээ мэдээгүй юм шиг чимээгүй өнгөрүүлж байсан байж ч болох.
Учир нь түүний гурав, охиных нь хоёртой нийлсэн таван хүүхэд зөвхөн тэрхүү хойд эцгийн гар харж амьдардаг. Алдрай жаахан охин аймшигт хүчирхийлэлд удаа дараа өртөж, хойд эцгийнхээ хоёрын хоёр хүүхдийг төрүүлтлээ зовж тарчилжээ.
Үүнийг нь төрсөн эх нь мэдсэн, мэдээгүй алин ч байсан хамгаалах хүнгүй, хэлэх зүрхгүй байсан нь үнэхээр өрөвдөлтэй. Хүний ой ухаанд ч багтамгүй энэ мэт хүчирхийлэл нүд, чихнээс далдуур үйлдэгдсээр байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад 10 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Гэвч энэ нь тэдний тусламж гуйх дууг сонсоод цагдаагийн байгууллагад хандсан хүүхдийн тоо. Үүний цаана сонсогдохгүй, сонсгохыг хүсэхгүй нөхцөлд хэчнээн хүүхэд уйлж суугаа бол.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл, бие махбодийн хүнд дарамтад орж, гэмт хэрэг үйлдэх нь цөөнгүй байдгийг цагдаагийнхан хэлдэг. Энэ оны эхний долоон сарын байдлаар 415 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 518 хүүхэд гэмт хэргийн золиос болж, хохирсон байна.
Сүүлийн жилүүдэд балчир үрсээ тамлан тарчлааж, аминд нь хүрсэн аймшигт хэргүүд ар араасаа гарсан. Энэ хэргүүдийг эргэн сануулахад илүүдэхгүй. Учир нь эдгээр хэргүүдийг үйлдсэн хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдах магадлал маш өндөр. Хүчирхийллийн сүүдэрт үлдсэн ар гэрийнхэн нь хэрхэн амьдардаг бол.
ӨС ӨВӨРЛӨЖ ИРЭХ ҮҮ, ӨРШӨӨЛ ЭРЖ ГУЙХ УУ
2013.05.10 Таван настай хүү төрсөн эцэгтээ заазуурдуулж, цусаа гоожуулан “Янхан ээжийгээ дагаад зайлаарай” гээд аав намайг зодсон. Ахыг “Хутга аваад ир. Тэгэхгүй бол чиний хоолойг ч гэсэн хэрчинэ” гэхэд ах заазуур авчирч өгсөн. Тэгээд аав намайг барьж байгаад заазуурдсан” гэж ярьсан хүүгийн бичлэг олон хүнийг сэрдхийлгэсэн. Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч тэр хүүгийн ярьсныг бичиж авсан нь энэ.
Тэр эмч хүний наймаа, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилладаг “Лантуун дохио” ТББ-ын гишүүн байсан учраас тэднийг тус байгууллагынхантай холбож өгчээ. Маргааш нь хүүгийн гэрт тус байгууллагын хэсэг хүн очиход эхүүн муухай үнэр ханхийж, энд тэндгүй архины шил хөглөрсөн гэрт хоёр настай охин, зургаатай хүү хоёр цус нөж болоод сууж байсан гэдэг.
Хүүгээ заазуурдсан эцгийг тэр өдөр нь цагдаа ирж, баривчилсан боловч тавиад явуулчихаж. Харгис эцгийн төрсөн дүү нь тэндхийн цагдааг таньдаг учраас ахыгаа гаргаж авсан нь ахиад хүүхдүүдээ зодох нөхцөл бүрдүүлээд өгчээ. “Лантуун дохио” байгууллагынхан хүүхдүүд болон ээжийг нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд шилжүүлж, тэдэнд өмгөөлөгч авч өгчээ.
Гэвч тэрбээр ердөө таван жил хорих ял авахаар байсан юм. Тиймээс тус байгууллагынхан ээж, дүүгийнх нь зодуулсан хуучин сорви дээр шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулан олон жил дарамтад байлгасан гэдгийг нотолж, ялыг нь нэмүүлсэн гэдэг. Анх удаа хүчирхийлэлд өртсөн хүн цагдаагийн байгууллагад ханддаггүй бөгөөд энэ нь хүчирхийллийг даамжруулдаг байна. Нүдэндээ нулимстай, зүрхэндээ шархтай ч “Би бөх болно оо” хэмээн хэвлүүхэн ярьсан хүү өнөөдөр сургуульд оржээ.
Ээж нь ажилд орж, архинаас гарсан гэнэ. Гэвч таван жилийн дараа тэдний тайван амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хэлэхэд бэрх. Учир нь үр хүүхдээ харгислан, хүйтэн зэвсэг хэрэглэсэн эцэг таван жилийн дараа эрх чөлөөтэй болно. Тэр өс өвөрлөж ирэх үү, эсвэл өршөөл эрж гуйх болов уу.
ХЭНД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ ВЭ
2014.03.21 Хоёр настай охин, есөн настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, улаан эрээн болгосон “цус сорогч” эцэг. Хүүхдүүдийн ээж сургалтад суугаад гэртээ эзгүй хойгуур төрсөн эцэг нь архи уун, бага насны хоёр хүүхдээ хазаж, тамласан хэрэг мөн л олныг цочирдуулсан. Тэр үед том хүү нь хичээлдээ явсан байсан нь аз. Хүүхдүүдийн ээжийн нагац тухайн үед гэрт нь очоод болсон явдлыг харж цагдаа дууджээ.
“Хэрэв би гэртээ түрүүлж очсон бол цагдаа дуудахгүй байсан ч байж мэднэ. Ямар азаар дүү минь очоо вэ. Олон удаа тэр хүний хүчирхийллийг тэвчин өнгөрөөж байсан. Үнэхээр аймшигтай амьдрал туулсан. Нөхрийн ах эгч нар “Гомдолгүй гэж хэлбэл харж үзнэ” гэж байсан ч би гомдолтой байна. Үр хүүхдээ ингэж л хамгаалахгүй юм бол би ээж нь гээд яах вэ” хэмээн өөрөө аюултай байдалд орсон ч хүчирхийллийг сөрж зогссон Т хэлсэн юм.
Хохирогч нар өмгөөлөгч авах мөнгөгүй байсан учраас олон нийтэд энэ хэргийг ил болгож, тусламж гуйжээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын төлөөлөл, дээрх хоёр хүүхдийн эх хурал хийж, хүүхдийнхээ нүүр, нэрийг нь нууцлан тэр аймшигт зургуудыг олонд дэлгэсэн юм. Биеэр нь дүүрэн шүдний ором, хөх алаг болсон сорвитой хоёр хүүхдийн зургийг уншигч та санаж буй. Гэвч төрсөн үр хүүхдийнхээ цусыг сорж, нулимсыг барсан эцэгт шүүх ердөө гурван жил зургаан сар хорих ял өгсөн.
Биеийнх нь 30-аад хувийг хазаж, яргалсан байхад хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлт шүүх эмнэлгээс гаргасан. Тэднийхээр бол биеийнх нь 60 хувийг хазаж гэмтээсэн бол хүнд гэж үздэг бололтой. Үр хүүхдүүдээ амьдаар нь тарчлаасан тэр цус сорогч 13 жил ханилсан эхнэрээ байнга хардаж, дарамталж, зодож, гурван хүүхдэдээ ч удаа дараа гар хүрдэг болсноос энэ бүхэн эхлэлтэй. Тэр болгонд нь уучилж, шүүх цагдаад мэдэгдэлгүй явсан нь харгис үйлдлийг нь өөгшүүлсэн эхнэрт ч бас буруу бий.
Учир нь түүний эгч дүүс нь цагдаагийн байгууллага, шүүхэд танил тал олонтой гэдэг. Шүүхээс түүний эхнэр, гурван хүүхдэд одоо амьдарч байгаа орон гэрт нь байлгах, мөн 1.5 сая төгрөг олгох шийдвэр гаргасан. Гэвч байрны гэрчилгээ нь тэдний нэр дээр байдаггүй учраас “эзэн” нь хэзээ ч хөөгөөд гаргачихаж магадгүй нөхцөлд амьдарч байна.
Мөн хүүхдүүддээ сар бүр тэтгэмж өгч байх шүүхийн шийдвэр гарсан ч Даваадоржоос өдий болтол нэг ч төгрөг аваагүй. Хоригдлууд ажил хийж, цалин авдаг учраас хүүхдийнхээ тэтгэмжийг өгөх боломжтой. Дүүгийнх нь яс махны тасархай болсон тэдгээр гурван хүүхдэд аавынх нь эгч нар нэг төгрөг хялайлгах нь бүү хэл садан төрлөө гэж хүлээн зөвшөөрдөггүй юм байна.
13 жил айдас дарамт, хүчирхийллийг яс махандаа шингэтэл мэдэрсэн тэд амар тайван амьдралаа хэзээ нуран унах бол гэж эмээж буйгаа нуугаагүй. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар Даваадорж эрх чөлөөтэй болох магадлалтай. Тэрбээр анх удаа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр суллагдах боломжтой.
Тиймээс Монголд амьдрахад тэдэнд улам хэцүү болж байгаа гэнэ. Хүчирхийлэлд өртсөн монгол эмэгтэйчүүд хүүхдээ дагуулан Швед зэрэг орон руу цагаачлах нь цөөнгүй байдаг аж. Гэмт хэрэг хийснийг нь шоронд хорихоос (хорьсон нь их юм) өөрөөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах хууль, хийсэн ажил манай улсад алга.
Халуун ус цацаж хүн түлсэн эмэгтэйд долоон жил хорих ял оноож байсан хэрнээ балчир үрсээ харгислан тамлаж, олон удаа хүчирхийлсэн эцгийг 3.6 жил хорино гэдэг хэтэрхий шударга бус. Ингэж бичиж байгаа минь зарим нэгэнд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг санагдаж болох юм. Гэхдээ дахиад ийм аймшигт хэрэг гарахгүй гэх баталгаа алга.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЮУ ХИЙСЭН БЭ, ЕРӨНХИЙ САЙД АА,
2015.02.21 Дөрвөн настай охин төрсөн эцэг болон хойт эхийнхээ гарт амиа алдсан өдөр. Үртэй хүн бүрийн сэтгэлийг өвтгөж, гэр бүлийн хүчирхийлэл дээд цэгтээ хүрснийг гэрчилсэн харамсалтай явдал. Хэн ч мартаагүй, мартах ч учиргүй. Гэвч төр засаг мартсан бололтой. Талийгаачийн араас гашуудан, харамсаж халагласан монголчууд төв талбайдаа цуглаан зохион байгуулж, зул өргөсөн.
Үүнд 15 мянга орчим хүн цугларч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 5157 хүний гарын үсэг бүхий албан бичиг хүргүүлсэн. Уг бичиг нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахыг сануулсан утга агуулгатай. Албан бичгийн хариуг 30 хоногийн дотор ирүүлэх хуулийн хугацаа байдаг ч одоо хүртэл ямар ч хариу, тайлбар өгөөгүй гэнэ. Уг нь Ерөнхий сайд маань Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг шүү дээ. Тэд хүүхдийн төлөө, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг юу ч хийсэнгүй.
Талийгаачийн төрсөн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарыг шүүх хурал хоёр удаа хойшилсны эцэст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэд хөөрхий охины амийг авснаас гадна өөр хүүхдүүдээ ч хөлдөө чирсэн. Г.Маралмаагийн өмнөх нөхрийн охин, одоо хэвлийд нь бойжиж буй хүүхэд, Т.Цогтын нөгөө нэг хүүхэд (түүнд талийгаачаас гадна өөр хүүхэд байсан нь шүүх хурлын үеэр ил болсон) нь “хагас өнчин” өснө. Олон нийт охины үхэлд эцгийг нь буруутгаж байсан бол сүүлдээ бүх хэрэг Г.Маралмаад буусан. Энд бас л танил тал, ар өврийн хаалга орсныг үгүйсгэхгүй. Тэгж хардах ч шалтгаан олон бий.
ГАРЦ БИЙ ЮҮ?
Энэ асуултад “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Төр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шат дараалсан бодлогоор ажиллах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд гарах хүчирхийлэл багасна. Гэр бүлийн асуудал маш нууцлагдмал. Цагдаад ханддаггүй. Хандсан ч хүчирхийлэгчийг буцаагаад гэр лүү нь явуулчихдаг. Хүчирхийлэл гэр бүлд хамгийн их үйлдэгддэг. Энэ нь сүүлдээ маш аймшигтайгаар тэсэрч, гэмт хэрэг болдог. Ингэтэл нь даамжруулсаар байх уу.
Хэсгийн цагдаа, хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч гээд айл болгонд хүрч ажилладаг “нөөц”-өө төр ашиглахгүй байна. Өрхийн зарим нэг сайн эмч “Хүчирхийлэлд өртөх магадлалтай гэр бүл” гэсэн судалгаа гаргасан байдаг юм билээ. Үүнд нь илүү анхаарч, хүчирхийлэл үйлдэхээс өмнө хамгаалах боломж бий” гэв.
Хүн бүрийн амьдралд хүлээстэй хүчирхийлэл чимээгүй оршсоор байна. Тэр хүлээсийг тайлах боломж бидэнд бий. Ядаж л хөрш айлд чинь хүчирхийлэл үйлдэгдэж буй, эсэхэд багахан санаа тавихад л болох биш үү.
Ч.БОЛОРТУЯА