2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, тус хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан учир ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон билээ. Тийм ч учраас энэхүү Өршөөлийн тухай хуулийг ард түмэн ихээхэн эсэгүүцэж, эсэргүүцлээ удаа дараа мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр МУГЖ Б.Батзаяа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, Чингисийн талбайд “Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн ав. Хуульчилсан тонуул дээрэм хийхээ болиоч. Ямар ичдэггүй юм бэ" гэсэн уриа лоозон барин зогслоо.
Энэ талаар түүнээс тодруулахад “Би Монгол Улсын иргэний хүний хувьд байр сууриа илэрхийлж байгаа төдий. Тэрнээс биш ямар нэгэн намын захиалгаар хийгээгүй. Ер нь өнөөдөр манай нийгэм, улс төрд авилгал, хээль хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах үзэгдэл хорт хавдар шиг тархсан байна. Төрийн төлөө оготоно боож үхнэ болох шив хэмээн зарим нэг нь үзэж байж магадгүй. Гэхдээ тийм зүйл байж болохгүй. Хүн бүрийн оролцоо байж байж эх орон минь хөгжинө шүү дээ. Тиймээс би өнөөдөр өөрийнхөө хувь нэмрийг оруулж, үзэл бодлоо илэрхийлж зогсож байна” гэсэн юм.