НҮБ хамтарсан баг Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ сарын 7-11-нд албан айлчлал хийж байна. Тус багт НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ДЭМБ зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Тэднийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын багийнхан тамхи, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлст анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэйг онцлоод энэ чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх сан бүрдүүлэх зорилготойгоо Г.Шийлэгдамба сайдад уламжиллаа. ЭМС-ын сайд “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа халдварт бус өвчин ихсэж байгаа. Манайх чихрийн шижин, зүрх, судасны болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор бодлогын баримт бичгүүд боловсруулан, хэрэгжүүлж байна. Цаашид иргэдийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.
ДЭМБ-ынхан “Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа нас барсан нийт хүний 60 хувь нь халдварт бус өвчин болон зүрх, судасны эмгэг, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөс шалтгаалсан” болохыг хэлэв. Энэ нь халдварт өвчнөөс (ДОХ, сүрьеэ, хумхаа) шалтгаалан нас барж буй хүмүүсээс хоёр дахин олон аж. Манай улсын хувьд халдварт бус өвчин нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Түүгээр ч зогсохгүй зүрх, судасны өвчин, хавдар, харвалт, чихрийн шижин, осол гэмтэл зэрэг нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна.