Монгол Улсын нүүр царай болсон энхийг сахиулагчдад маань саяхан нэг таагүй зүйл тохиолджээ. Юу гэвэл, Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн нэг энхийг сахиулагч бууны суманд өртсөн гэнэ.
Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард болсон энэ асуудлыг ЗХЖШ, Батлан хамгаалах яамныхан нэлээд нууцлаад өнгөрөөжээ. Уг үйл явдал болсны дараа тус яам, ЗХЖШ-аар гаднын халдлагад өртсөн байж болзошгүй гэж таамаг, яриа байсан ч, энэ нь ташаа байж.
Афганд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн багийн энхийг сахиулагч, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Б.Нямбаяр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад шархадсан аж. Тэрбээр тэр даруйдаа Кабул дахь цэргийн хээрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд шарх нь амин газраас нь хол байжээ.
Хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид, цэргийн багийн удирдлагын ЗХЖШ-т ирүүлсэн тайлбарт “Дэд ахлагч Б.Нямбаяр харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа буутай харилцахдаа болгоомж алдсанаас хөл рүүгээ буудаж шархадсан” хэмээжээ.
Шархадсан энхийг сахиулагчийг саяхан эх оронд нь авчирсан талаар БХЯ-ны эх сурвалж мэдээллээ.
Г.РАВЖАА