Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий хүнээс авсан, баталгаатай эх сурвалжтай гэх нэгэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөөр түгсэн билээ. Сэтгүүлчдийг хийсэн зүйлийнхээ төлөө мөнгө авдаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдагдсан мэтээр нийгэмд харуулах зорилготой тэрхүү мэдээлэл худал хуурмаг, зохиомол зүйл байсныг өнөөдөр нийслэлийн ЗДТГ-аас ирүүлсэн энэхүү албан мэдэгдэл нотолж байна. Энэ мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулсан Даншиг наадам, “Алдрын од” урлагийн тоглолтыг сурвалжилсан гэх сэтгүүлчдэд 500 000, 200 000 мянган төгрөг өгсөн хэмээн нэрсийг нь жагсаасан дээрх баримт улс төрийн ашиг хонжоо хайсан зарим жиргээчид, өмнө нь ажлын хариуцлага алдсан хүмүүсийн хийж буй гүтгэлэг тул уг хууль бус үйлдлийг холбогдох байгууллагаар шалгуулна гэжээ.
Дээрх жагсаалтад “Өнөөдөр” сонины сэтгүүлчийг оруулж, Даншиг наадмыг сурвалжилсныхаа төлөө 500 000 төгрөг авсан гэж хуурамч гарын үсэгтэйгээр оруулсан байсан юм. Энэ бол ор үндэсгүй зүйл тул үнэн зөвийг тогтоож өгөх бидний хүсэлтийн дагуу өнөөдөр энэхүү мэдэгдлээр хариу өглөө. Монголчуудад найр наадам багадаагүй тул “Өнөөдөр” сонин нийслэлээс зохиосон Даншиг наадмыг анхнаас нь эсэргүүцэж, манай сэтгүүлч Л.Ганчимэг өөрөө энэ тухай дугаарын зурвас хүртэл бичиж байсан билээ. Энэхүү байр суурин дээрээ манай сонин хатуу зогсож, Даншиг наадмын үеэр нэг ч мэдээ, сурвалжлага сониндоо нийтлүүлээгүй болно. Үнэн хэзээд ялдаг болохоор энэ хэргийн цаад эзэд хэн болох, яагаад ийм мэдээлэл олон нийтэд цацсаны учрыг удахгүй эцэслэн тогтоох биз ээ.