2015-2016 оны хичээлийн жилд 632 цэцэрлэгт 90 гаруй мянган хүүхэд, сурч хүмүүжиж буй. Гэхдээ тэдний цаана 25.000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдалгүй, гэртээ цоожлуулж, эмээ өвөөтэйгөө өнжиж буй.
Бага насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах ажил тулгамдсан асуудал болоод буй энэ үед байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр дэргэдээ цэцэрлэг ажиллуулж эхэлжээ.
“Хатансүлжээ” ноос ноолуурын компанийн ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймдээ ч УИХ-ын С.Одонтуяагийн санаачилгыг дэмжиж тус компани ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах зорилгоор “Хатан манцуй” цэцэрлэгийг 2014 онд байгуулж байжээ.
Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага ажилчин, албан хаагчдынхаа хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор дэргэдээ цэцэрлэг барих санаачилга гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар дэмжин, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шинэ цэцэрлэг барьсан нь өнөөдөр нээлтээ хийжээ. Шинэ хичээлийн ажилд 30 гаруй хүүхэд хүлээн авч буй тус цэцэрлэг Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчдын ажлын онцлогийг харгалзан 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах аж.