Испанийн Супер цомын тэмцээний финалд “Барселона” өрсөлдөгч “Реал”-ыг 5:2-ын харьцаатай яллаа. Испанийн төдийгүй дэлхийн супер хоёр багийн тулааныг чимсэн баримт, статистикийг сөхвөл тун сонирхолтой дүр зураг гарна.
• “Барса” хоёр класико дараалж “Реал”-ын хаалганд есөн гоол оруулав: Тэд үүнээс өмнөх зургаан тоглолтдоо “Реал”-ын эсрэг долоон гоол оруулаад байсан юм. Түүнчлэн “Барса” хоёр класико дараалж дөрөв болон түүнээс олон гоол орууллаа. Харин “Реал” 1963 онд Каталоны багийг ийм олон гоолын зөрүүтэй (5:1, 4:0) бут ниргэж байжээ.
• Нэг үед гурваас олон гоол оруулав: 2009 оны тавдугаар сард “Бернабеу”-д болсон алдарт тоглолтоос хойш “Барса” анх удаа эхний хагаст гурваас олон гоол оруулав. 15 жилийн өмнөх тэрхүү тулаанд зочин баг 6:2-ын харьцаатай ялсан билээ. Харин 1943 онд болсон тоглолтын эхний хагаст тэд “Реал”-ын хаалганд дөрвөн гоол хийж байжээ. Тухайн үед “Барса” 4:2-оор тэргүүлж байгаад 5:5-ын харьцаатай эвийн гэрээ байгуулсан түүхтэй.
• Финалд гурав дахь удаагаа таван гоол алдав: “Реал” 1962 оны Аваргуудын цомын тэмцээний финалд “Бенфика” багт, 2007 оны Испанийн Супер цомд “Севилья”-д 3:5 харьцаатай тус тус ялагдал хүлээж байлаа.
• Анх удаагаа 5:2: Эл хоёр баг хоорондоо 259 удаа таарч тоглохдоо анх удаа 5:2-ын харьцаатай тоглолтыг өндөрлүүлэв.
• Улаан хуудаснууд: Сүүлийн дөрвөн класикогийн гуравт нь “Барса”-гийн тоглогч улаан хуудас авав. Гэхдээ энэ шийтгэл ялалтад нь сөргөөр нөлөөлсөнгүй.
Багаас гадна тоглогч, дасгалжуулагчдын карьерын онцгой, түүхэн мөчөөр уг тоглолт арвин болжээ.
• Анхны болон найм дахь цом: Ханс-Дитер Флик “Барселона”-гийн дасгалжуулагч болоод анхны, дасгалжуулагчийн замналын найм дахь цомоо хүртэв.
• Хожлоос олон хожигдол: К.Анчелотти “Барса”-д 11 удаа хожигдож, 10 хожоод байна. Сонирхолтой нь, тэрбээр эль класикод нэг ч тэнцэлгүйгээр есөн удаа ялж, есөн удаа ялагджээ.
• Гурав дахь цом: Энэ жил дөнгөж 17 настай Л.Ямаль мэргэжлийн хөлбөмбөгчийн гурав дахь цомоо хүртлээ. Тэрбээр Европын аварга, Испанийн аварга, Испанийн Супер цомын аварга болоод байна.
• 18 дараалсан пенальти: Польш довтлогч Р.Левандовски класикогийн 18 дараалсан торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Хоёр баг класикод торгуулийн цохилтоо 2008 оны арванхоёрдугаар сараас хойш алдаагүй явж байна. Тухайн үед И.Касильясыг С.Это`О аргалж чадаагүй ч баг нь 2:0-ийн харьцаатай ялж байв.
• Килианы гурав дахь гоол: Франц довтлогч К.Мбаппе “Реал”-тай хамт гурван финалд тоглохдоо гурван гоол оруулаад байна. Тэрбээр “Аталанта” (UEFA Супер цом, хожил), “Пачука” (тив хоорондын цом, хожил), “Барселона” (Испанийн Супер цом, хожигдол) багийн эсрэг гоолджээ.
• Рафиньягийн 19 дэх гоол: Түүний хувьд улирлын эхний хагаст хамгийн олон гоол оруулсан нь энэ болж байна. Улирал дуусахад дөрвөн сар дутуу байгаа учраас түүний гоолын тоо өсөх нь гарцаагүй.
• Ф.Канутег гүйцлээ: Р.Левандовски (таван гоол) Испанийн Супер цомд оруулсан гоолын тоогоор Ф.Канутег гүйцэж түрүүллээ. Эл жагсаалтыг 14 гоолтой Л.Месси тэргүүлдэг юм.
Э.Манлайбаатар