Дугуйн үндэсний шигшээ багийн тамирчдаас ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын мэргэжлийн “Roojai insurance” багийнхантай нэгдэж, 2025 онд үргэлжлүүлэн уралдах гэрээгээ сунгажээ. Тэрбээр өнгөрсөн жил “Tour of Bostonliq UCI2.2” тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлж, аваргын шар цамцны эзэн болж, “Tour of Qinghai Lake UCI2.pro” тэмцээний VI гараанд дэд байр эзэлсэн. Түүний хувьд энэ оны тэмцээнээ амжилттай эхлүүлээд байна. Тайландын эзэн хаан Пумибол Адульядетийн нэрэмжит засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний ганцаарчилсан цуваа гараатай 31.8 км-ийн уралдаанд тэрбээр хүрэл медаль хүртжээ. Тус улсын Фитсанулок хотод засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн маргааш эхэлнэ. 10 хоног үргэжлэх тус тэмцээнд Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Т.Төгөлдөрийн удирдлагад оролцохоор Фичит хотод бэлтгэл базааж буй. Б.Тэгшбаяр улсаа төлөөлж, холимог багийн болон бөөн гараанд уралдах нь.