Футзалын УАШТ-ий 14 хүртэлх насныхны алтан медалийн төлөөх тоглолтод В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн “Ховд вестерн”-ий тоглогчдыг хожиж, аваргын цом өргөв. “Ховд вестерн”-ийнхэн дээрх тэмцээнийг мөнгөн медальтай өндөрлүүлсэн. Хүрэл медалийн тоглолт өрсөлдөөн ихтэй, сонирхолтой болсон. “Эрчим” багийнхан дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлагад бэлтгэл сайн базааснаа харуулж, “Монцоолой” клубийнхнийг тоглолтын талбайд буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Уг тэмцээнд 27 багийн тоглогч зургаан хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс шилдэг баг шалгарч, хасагдах шатны тоглолтод оролцсон. Тоглолтын “Шилдэг хаалгач”-аар цөөн гоол алдсан үзүүлэлтээр “Дэрэн” клубийнхнээс М.Мөнххүслэн шалгарсан юм. Тэгвэл өрсөлдөгчийнхөө хаалганд хамгийн олон гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн З.Эрхэмбаяр “Шилдэг довтлогч”, “Шилдэг тоглогч” болжээ.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Олон улсын хөл бөмбөгийн холбооны энэ оны шүүгчээр Азийн хөл бөмбөгийн холбооны элит найман шүүгч нэрлэгдсэн. Тэднээс дөрөв нь ангиллын түвшинд тэнцэж, тивийн томоохон тэмцээн дэнслэхээр үнэмлэх, тэмдгээ гардаж авчээ. Азийн хөл бөмбөгийн холбооны шүүгчийн академид эмэгтэй шүүгчдээс Э.Нямсайхан, Г.Нарангэрэл нар суралцаж байна.