Монголын хөл бөмбөгийн 23 хүртэлх үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Артур Феррейра томилогдон ажиллаж байна. Тэрбээр CONMEBOL-оос бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Бразилийн хөл бөмбөгийн холбооны про зэрэгтэй, өндөр ур чадвартай, туршлагатай, мэргэжлийн дасгалжуулагч аж. Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тогтвортой ажиллаж, хөл бөмбөгийн багуудаас “SP falcons” клубийн тамирчдыг хоёр удаа Монголын премьер лигийн аварга, нэг удаа холбооны цомын эзэн болгожээ. Манай улсын шигшээ баг түүний удирдлагад бэлтгэл хийж, ирэх жил болох Азийн хөл бөмбөгийн холбооны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох юм. Тус тэмцээн Тайландын Патум Тани мужид есдүгээр 1-нд эхэлнэ. Тэнд 10 хоног үргэлжлэх тэмцээнд манайхан эзэн орноос гадна Малайз, Ливан улсын шигшээ багтай F хэсэгт багтсан байна.