Монголын мэргэжлийн спорт автомашины холбооноос “Mongolian virtual drift series 2025” таван цуврал тэмцээн зохион байгуулж буй. Нээлтийн эхний гарааны тэмцээнд 21 тамирчин авьяас, ур чадвараа сорьсноос Э.Цолмон тэргүүллээ. Тэрбээр энэ онд тус холбооны SDS ангилалд чансаагаараа VI байрт жагсаж, ирэх жил MDS ангилал руу оролцох эрхээ авсан юм. Тэгвэл түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн оролцогчдоос А.Тамир мөнгө, Ө.Энхтайван хүрэл медаль хүртлээ. А.Тамир “Redline” клубийн сим уралдааны тамирчин бол Ө.Энхтайван найман настай, өсвөр үеийнхний төлөөлөл. Түүний аав мэргэжлийн уралдаанч, MDS ангиллын улсын хошой аварга О.Өсөхбаяр.
Нэгдүгээр үед бусдыгаа хошуучилсан “Driftmasters” клубийн У.Нарандаваа хамгийн өндөр болох 95.5 оноо авав. SDS ангилалд түрүүлж, улсын аварга болсон тэрбээр ирэх сарын 13-нд болох дараагийн цувралд өрсөлдөхөөр шалгарчээ.