Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. Францын Парис хотод 1924 онд сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын анхдугаар тэмцээн “International silent games” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй. Японы Токио хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх дифлимпын 25 дугаар наадамд 81 орны 3200 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдсөнөөс манайхан 14-т нь оролцож байна.
Тэднээс чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны шагналыг гардлаа. Тэрбээр дээрх наадмаас гурав дахь медалиа хүртэж буй аж. Өмнө нь Туркийн Самсун хотод 2017 онд болоход мөнгө, Бразил улсад 2022 онд алтан медаль хүртсэн юм. Монголын тамирчид эл наадамд найман удаа өрсөлдөхдөө хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтай ирж байв.