Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээний II тойргийн тоглолт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд боллоо. Дөрвөн өдөр үргэлжилсэн уг тэмцээний сүүлийн тоглолтод “Степпе монстерс”-ынхон “Багануур” багийг 5:1-ээр илүүрхэж, дөрөв дэх хожлоо авснаар 12 оноогоор түрүүллээ. Тэдний дараа талбайд гарсан “Дархан”, “Шарын гол” багууд ширүүхэн өрсөлдөв. “Дархан”-ы тамирчид даагаа нэхэж, өрсөлдөгчөө 7:6-гаар буулган авч, гурав дахь ялалтаа авснаар долоон оноотой II тойргийн тоглолтод дэд байрт шалгарав. “Шарын гол”-ынхон өмнөх тойргийн тоглолтодтэднийг хожсон ч энэ удаадбайр хойшлон зургаан оноотой хүснэгтийн III байрт бичигдсэн юм. Орхон аймгийн “Хангарьд” багийнхан хоёр ч тойргийн тоглолтод амжилт тааруухан оролцов. Тэд дөрвөн оноотой IV, “Багануур”-ынхан нэг оноотой V байр эзэлсэн юм. Хоёр тойргийн нийлбэр дүнгээр “Степпе монстерс” багийнхан 24 оноогоор I, “Шарын гол”-ынхон 15 оноогоор II, “Дархан”-ыхан 10 оноогоор III, “Хангарьд”-ынхан ес оноогоор IV, “Багануур”-ынхан хоёр оноогоор V байрт жагслаа. Лигийн III тойргийн тэмцээн Дархан-Уул аймгийн Шарын Гол сумын мөсөн талбайд ирэх сарын 17-21-нд болно.