“Дакар ралли”-д уралдах нь амьд үлдэх сорил, эсэн мэнд ирэх шалгуур
Гавьяат тамирчин Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн нар удам дамжсан уралдаанч. Тэдний хүүхэд нас, өссөн орчин, тамирчны карьерыг мото спортгүйгээр төсөөлшгүй. Mотоцикл бол тэдний хобби. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хөл тавьсан замналынх нь амжилтын нэрийн хуудас. Олон улсын уралдааны талбарт акулуудтай мөр зэрэгцэн өрсөлдөхийг зорьсон хүсэл, он жилүүдийнх нь уйгагүй бэлтгэл сургуулилалт, хөдөлмөр юм. Аль аль нь аавынхаа дуртай спортыг өвлөн үргэлжлүүлж, эрсдэл ихтэй элсэн цөл рүү зориг гарган тэмүүлсэн. Тэд яг одоо Саудын Арабад өрнөж буй алдарт “Дакар ралли-2026”-д дэлхийн шилдгүүдтэй хурд сорьж байна.Элсэн манхан мотоциклтой тамирчдын хувьд хамгийн хэцүү зам. Мөргүй, чиглэл нь байнга өөрчлөгдөнө. Нэг л буруу эргэлт хийвэл хүч, цаг хугацаа, зорилго, хөрөнгө, техник гээд бүхнээ ч алдаж мэднэ. “Дакар ралли”-гийн дүрэм хатуу. Цөлд зогсох эрх хэнд ч байхгүй. Унаж, ядарсан ч бариа руу заавал урагшлах ёстой. Энэ бол амьд үлдэх томоохон сорил, эх орондоо эсэн мэнд ирэх бас нэг шалгуур юм. Улсаа төлөөлж оролцож буй болохоор тэд анхны өдрийн гараанаас эхлээд ухаан гаргаж, туршлагадаа тулгуурлан, тактиктай уралдаж буй. Цаг агаарын хүнд нөхцөлд өөрийгөө сорьж, бие сэтгэлийн хатуужил тэвчээр гаргахад хариуцлага, сахилга бат, багаар ажиллах чадвар чухал болохыг эл уралдаан харуулдаг. Энэ удаа 57 дугаартай тоос өргөж буй “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, Азийн аварга Э.Халиунболдын гурав дахь өдрийн уралдаан онцгой байв. Тэрбээр гараанаас гарсан тамирчдаас 15, Ралли2 ангилалд IV байрт шалгарсан юм. Тухайн өдрийн оргил хэсэг болсон түүний уралдааныг тэмцээний албан ёсны пэйж хуудсанд “Дакар ралли-2024”-ийн 12 дахь өдрийн уралдаанаас хойш шилдэг тавд багтсан хоёр дахь Ази тамирчин боллоо. Өмнө нь Энэтхэг улсын, “Sherco factory” багийн тамирчин Харит Нойа ийм амжилт үзүүлж байв. Эл уралдаанд анх удаа өрсөлдөж буй оролцогчдоос Э.Халиунболд “Хонда” багийн тамирчин Мартим Вентура, Престон Кэмпбелл нарын дараа барианд орсон гурав дахь шилдэг, шинэ тамирчин боллоо” хэмээн дурджээ. Энэ нь тус уралдаанд оролцсон манай улсын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэв. Харин П.Мөрөн нийлбэр дүнгээр 39, ангилалдаа 27 дугаар байрт жагссан. Тэд дөрөв дэх өдрийн уралдаан болох хүндхэн марафоны 530 км замыг техникийн сааталгүй амжилттай туулав. Мотоциклын ангилалд өрсөлддөг алдартнуудаас Ирон Майк, Б.Краузе, Довезе Матью нар тэмцээнээ өндөрлүүлсэн нь Дакар раллигийн уралдаан төсөөлснөөс ч бэрх замд үргэлжилж буйг харуулна.
П.Мөрөн тус улсын Янбу хотыг зорихоосоо өмнө “Багадаа шүтэн биширч явсан Э.Халиунболд ахтай “Дакар ралли-2026”-д хамт уралдах болсондоо сэтгэл өндөр байна. Бид өрсөлдөгч бус, элсэн цөлд мөрөөдлөө биелүүлэхэд нэгэндээ түшиг дэм болох зорилготой яваа. Уралдааны 85 хувь нь шинэ зам байх тул бие, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилалт гээд бүх хүчээ дайчилна” хэмээн өгүүлсэн юм.
ДАШТ-ий зам олон зүйлийг ойлгуулж, “акулуудтай” өрсөлдөх туршлага болов
Монгол залуусыг мөрөөдлөө биелүүлэхээр Саудын Арабыг зориход ойлгож, дэмжсэн олон хүний тус дэм бий. Түүнчлэн тэмцээний үед найдвартай ар тал болж, техникийнх нь аюулгүй байдлыг хариуцан ажиллаж буй багийн нөхдийнх нь итгэл найдвар, хичээл зүтгэлийг дурдах нь зүйтэй. Амжилт амархан ирэхгүй. Тамирчдад тулгардаг саад бэрхшээлийг ч тэд ч мөн даван туулаад урагшилж байгаа. Хүн бүр Дакарт уралдахыг хүсдэг ч зориг гаргах нь ховор. Уур амьсгалын өвөрмөц, хүнд нөхцөлд тэсвэр хатуужлаас гадна ур чадвар, ухааны шандас, авьяас, мэдрэмж, амь нас, санхүү аль алийг нь шалгадаг жинхэнэ өрсөлдөөний талбарт тэднийг хурцалж, дэмжсэн хүмүүс бол гэр бүл нь. Зорилго, тэмүүлэл, хоббигоороо нэгдсэн залуусын өвөө, аав хоёр нь авто, мото спортын аль алинд нь уралддаг байсан нь хойшид тууштай хичээллэхэд их нөлөөлжээ. Э.Халиунболдын өвөө нь дасгалжуулагч сургагч, техникийн хүн байсан тул хүсэл сонирхол нэгтэй нөхдийнхөө дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймагт энэ спортыг анх хөгжүүлж, 1965, 1966 онд мотоциклын бартаат замын уралдааныг зохион байгуулсан түүхтэй. Харин аав, Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг нь 1980 оноос мото спортын УАШТ-д оролцож, 1983 онд улсын шигшээ багийн тамирчин болсноор ОХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург хот)-д 1987 онд мөсөн замын ДАШТ болон социалист орнуудын дунд зохион байгуулдаг “Найрамдал”, “Ах дүүс” зэрэг уралдаанд 1996 он хүртэл оролцож, Монголд мотоциклын мэргэжлийн тамирчид бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр хүүгээ тамирчин болгохоор зүтгээгүй ч хэр уралддагийг явц дунд нь ажигладаг байсан аж. Тиймээс 2006 онд Японд гурван сарын сургалтад хамруулахад ур чадвар нь өмнөхөөсөө илүү сайжирчээ. БНХАУ-д 2007 онд болсон Азийн багийн уралдаанд 10 гаруй улсын тамирчинтай өрсөлдөх хүүгийнхээ техникийг хараад X байрт орох болов уу гэж дүгнэхэд үзүүр, түрүүнд уралдахаар шалгарч гайхшируулсан аж. Манай тамирчид тэр хүртэл өмнөд хөршийнхний урд орж үзээгүй байв. Азийн мотоциклын холбооны мэргэжилтнүүд Э.Халиунболдын гаргасан амжилтыг өндрөөр үнэлсний дараа жил нь Азийн аварга болж, аавыгаа баярлуулжээ. Энэ тухайгаа өгүүлэхдээ тэрбээр “Мото спортоор хичээллэхэд ар гэрийнхний дэмжлэг их чухал. Гэр бүлийнхэн минь маш том золиос гаргаж байж намайг өдий зэрэгт хүргэсэн” гэж дурссан байдаг. 2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос нэг хэсэг холдсон тэрбээр АНУ-ын Лас-Вегас хотод 2022 онд зохион байгуулсан “Sandy valley motocross track” замд алт, мөнгөн медаль хүртсэн юм. Үүнээс гурван жилийн дараа уралдааны талбарт дахин гарч, хоёр төрөлд хурд сорьсноос “Open pro”-д удаалж, 30-аас дээш насныхны нээлттэй ангилалд түрүүлж байв. Спортдоо эргэн ирснээ харуулж, “Тал нутгаас Дакарт” төслөөр карьераа үргэлжлүүлж буйгаа зарласан. Тус төслийн хүрээнд тэрбээр Ралли Рейдийн ДАШТ-ий цувралд өөрийгөө сорихоор АНЭУ-ыг зорив. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард болсон уг цувралын II гараа болох Абу Дабигийн “Цөлийн челлэнж” тэмцээнд нийлбэр дүнгээр 14, “Ралли2” ангилалд VII байрт бариалсан билээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн аравдугаар сард зохион байгуулсан “Мароккогийн ралли” ДАШТ-ий тав дахь цувралд уралдахдаа “Дакар”-т хурд сорих боломж өөрт нь байгааг мэдэрсэн аж. Раллигийн зам түүнд олон зүйлийг ойлгуулж, дэлхийн “акулуудтай” өрсөлдөх том туршлага болсноор Саудын Арабын элсэн цөлд хөл тавих зорилгыг нь алхмаар ойртуулсан юм.
Хоббигоо сэргээж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн нь
П.Мөрөнгийн “Дакар ралли”-д уралдсан түүх түүнийхтэй төстэй. Мотоциклоор дахиж уралдахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гонсойдог байсан тэрбээр эмчээс нэг л өдөр “Та эрүүл болжээ. Санаа зовох зүйлгүй” гэдэг үгийг сонсоод өөртөө итгээгүй аж. Гайхах, баярлах зэрэгцэж эмчээсээ “Энэ миний шинжилгээний хариу мөн үү, хүнийхтэй андуурагдчихаагүй байгаа” гэж хэдэн удаа асуусан гэдэг. Түүний аав А.Пүрэвдорж авто спортоор олон жил хичээллэсэн. Хүүгээ спортод дахин хөл тавихад баярласан ч бэртчих вий гэхээс сэтгэл нь зовниж байв. “Silк way”-д уралдахад аав нь өдөр бүр холбогдож, бие, сэтгэл зүйн байдлыг нь асууж, ээж нь ядрахгүй, тайван амарч, зөв хооллохыг зөвлөдөг байжээ. Тэрбээр “Хүмүүс мото кроссын тамирчдыг раллид уралдахаар бэртдэг гэж ярьдаг. Миний амжилт үзэгчдийн сэтгэхүйд суусан таагүй бодлыг үргээж, энэ спортод дуртай залууст уралдах хүсэл эрмэлзэл төрүүлсэн. Миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийж, уралдаанд оролцдог. Аав минь “Сторм моторс” компаниа 2007 онд байгуулахдаа хүсэл сонирхол нэгтэй залуустай хамтарсан юм. Түүнээс хойш Монголд мото кроссын тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, тамирчдаа дэмжиж ирсэн. Манай клубийн нэрэмжит тэмцээнд оролцдог тамирчны тоо жил бүр нэмэгдэж байгаа. Би Австралиас ирснийхээ дараахан “Мастер ралли-2020” тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Цар тахлын улмаас уралдааныг цуцалсан ч тэр жил “Silk way” олон улсын раллийг зохион байгуулах тов гарсан. Миний гадаадад уралдсан анхны тэмцээн тэр. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт болдог уралдаан 10 хоног үргэлжлэн Монголд бариалах байсан ч хойд хөршид аваргаа тодруулсан. Өдөр бүр 600 км туулах уралдааны зам, цаг агаар амар байгаагүй тул өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Тус раллид 25 дугаартай, КТМ брэндийн 2016 онд үйлдвэрлэсэн ”Rally replica 450” мотоциклоор уралдсан юм. Гадаадын тамирчид харчхаад “Монголын тамирчид ямар хуучин мотоциклоор уралддаг юм бэ” гээд гайхан ярихыг сонссон. Анх удаа оролцож байгаа надад тэдэн шиг шинэ мотоциклтой уралдах зардал байгаагүй. ОУХМ Э.Амгалан ахын мотоциклоор уралдаж, гурван ангилалд түрүүлсэндаа баярладаг” хэмээн дурдсан. Австралийн Мельбурн хот дахь Күинслэндийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр суралцсан тэрбээр 2020 оноос дуртай хоббигоо сэргээснээр амжилтын буухиагаа үргэлжлүүлэв. Саудын Арабын Биша хотод өнгөрсөн жил болсон “Дакар ралли-2025”-д мотоциклын төрөлд 141 дугаартай анх удаа хурд сорьсон тэрбээр энэ удаа 79 дугаартай оролцохоор тус улсыг зорьсон билээ.