Нидерландын зураач, зохиолч, телевиз, радиогийн уран бүтээлч Вим Т.Шипперсийн алдарт “Самрын тосон шал” (Pindakaasvloer) бүтээлийг түүний дурсгалд зориулан Роттердам хотын Бойманс ван Бёнингений музейд дахин дэлгэжээ. 1962 онд санаачилсан энэхүү бүтээлийн шинэ хувилбарыг 390 кг самрын тосоор урласан бөгөөд хоёр сар гаруйн хугацаанд 48 мянган хүн үзэж сонирхсон байна.
Музейн үзэсгэлэнгийн танхимд 25 ам метр талбай бүхий зургаан өнцөгт хэсгийг самрын тосоор бүрж, жигд гадаргуу үүсгэн бүтээжээ. Ингэхдээ нэг ам метр талбайд дунджаар 15.6 кг самрын тос оруулсан аж. Үзэсгэлэн өндөрлөсний дараа 390 кг самрын тосон бүтээлийг буцаан ашиглах боломжийг музейн ажилтнууд судалжээ. Амьтны хүрээлэн, амьтан хамгаалах байгууллагуудад өгөх боломжтой ч ашигласан самрын тос эрүүл ахуйн шаардлага хангах, эсэх нь эргэлзээтэй тул энэ саналыг хэрэгжүүлээгүй гэнэ. Харин их хэмжээний самрын тосыг эцэст нь бордоо болгон ашиглахаар шийджээ.