Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц (CMS)-ын хавсралтад багтсан нэн ховор зүйл болох хулангийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахад бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатайг байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хил хамгаалах ерөнхий газар хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан “Хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах хамгаалалттай коридорыг бий болгох боломж” зөвлөлдөх уулзалтын үеэр судлаачид энэ асуудлыг ул суурьтай хөндөв.
Дэлхий дээрх хулангийн нийт популяцын 80 орчим хувь нь Монгол орны говийн бүс нутагт тархсан байдаг. Энэ зүйлийн амьтан маш хязгаарлагдмал тархац, нөөцтэй, ирээдүй нь манай улсын бодлого, үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай гэсэн үг. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн үйл ажиллагаа, малын тоо толгойн хэт өсөлт, ган, зуд зэргээс шалтгаалан хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн тасрах, хумигдах эрсдэл эрс нэмэгджээ. Ялангуяа авто болон төмөр замын бүтээн байгуулалт хулан идээшил нутгаасаа дайжих, ижил сүргээсээ тасрах, улмаар зам хөндлөн гарах, зориулалтын бус хашлага, өргөст тор давах үедээ бэртэж гэмтэх шалтгаан болж буйг уулзалтад оролцсон хүмүүс хэлэв. Эдгээр шалтгаанаас үүдэн хулангийн цөм сүрэг өмнийн говиос зүүн тийш буюу түүхэн тархац нутаг руугаа эрчимтэй нүүдэллэх үзэгдэл ажиглагдаж эхэлснийг ч дурдлаа.
“Говийн гайхамшигт зургаа”-гийн нэгт багтдаг эл амьтныг хамгаалахын тулд нэн түрүүнд одоогийн тархац нутаг, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь нарийвчлан судлах шаардлагатай гэв. Үүний дараа амьдрах орчинд нь тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, нөлөөллийг бууруулах, нүүдэл, шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийхэд нь тус нэмэр болох хамгаалалттай коридор нутгуудыг бий болгох нь үр дүнтэй хэмээн судлаачид үзэж байна.
Ж.Сувд