Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага манай улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиулан 6/7 болгож сайжруулсныг Сангийн яамнаас мэдээллээ. Тус байгууллага өнгөрсөн баасан гаргийн ээлжит хурлаараа 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцэж, гурван улсынхыг өөрчилсөн нь Монгол, Бангладеш, Сенагалынх аж. Манай улсын эрсдэлийн үнэлгээг ахиулсан бол нөгөө хоёрынхыг нь бууруулжээ.
Зээлийн эрсдэлийн үнэлгээ сайжирснаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын экспортын зээлийн агентлаг болон олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсад олгох санхүүжилт, эрсдэлийн шимтгэлийн хувь хэмжээ буурах бодитой нөлөөтэй гэнэ. Тухайлбал, Сангийн яамны тооцооллоор эл үнэлгээний үр дүнд зээлийн эрсдэлийн шимтгэл 3-6 хувиар буурч, дунд болон урт хугацааны экспортын санхүүжилтийн өртөг багасах төлөвтэй аж.
Ж.Сувд