Францын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын багийнхан манай эмч нартай хамтран 36 хүнийг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Тэдгээр өвчтөний 27 нь хүүхэд байжээ. Тодруулбал, франц эмч нар болон УГТЭ, ЭХЭМҮТ-ийн зүрхний мэс заслын хамтарсан багийнхан зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай зургаан хүүхдэд мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг иргэнд хагалгаа хийсэн байна. Энэ удаагийн хамтарсан мэс засалд гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэй оролцож, дотоодын багийнхан бие даан гүйцэтгэснээрээ онцлогтой.
Тодруулбал, зүрхний агших чадвар буурсан, зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах, гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийсэн давтан мэс засал зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдолд хагалгааг амжилттай хийсэн байна. Эдгээр нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтдаг аж.
Ч.Цэлмэг