Авто засварын газарт бусдыг зэвсгийн чанартай зүйл ашиглан зодож, гудамжинд явж байхдаа тээврийн хэрэгсэл дээрээ гарч бие зассан холимог тулаанч гэх Г.Чинзоригийг шүүгчийн захирамжаар сэжигтнээр тооцон баривчлахаар болжээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.4-ийн “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол”, 34.1-1.5-ын “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол” гэх заалтыг үндэслэн Г.Чинзоригийг баривчлах зөвшөөрөл авахаар өнгөрсөн бямба гарагт хандсан аж. Тус шүүхийн шүүгч С.Өсөхбаяр хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, сэжигтэн болон өмгөөлөгчийн тайлбар зэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр сэжигтэн Г.Чинзоригийг баривчлах зөвшөөрөл олгох захирамж гаргажээ.
Түүний талаар цахим мэдээллийн хэрэгсэлд “холимог тулаанч” хэмээн бичиж буй ч “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” ТББ-аас “Уг бичлэгт гарч буй Г.Чинзориг гэдэг залуу нь 2017 онд манай холбооны зохион байгуулсан реалити шоуны нэг тулаанд оролцох байсан боловч гэмтэл бэртлийн шалтгаанаар цуцлагдсан. Түүний дараа байж болохгүй үйлдэл гаргасан тул цаашид холбооны зүгээс зохион байгуулж буй нэг ч арга хэмжээнд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг Удирдах зөвлөлөөс 2023 онд гаргасан билээ. Холимог тулаанаар нэг ч тэмцээнд оролцож байгаагүй танхай этгээдийг энэ спортоор хичээллэж буй мянга мянган залуучуудын төлөөлөл мэтээр мэдээлэл түгээж буйд гүн харамсаж байна” хэмээсэн байв. Хилийн цэрэгт ахлах ахлагч цолтой алба хааж байсан Г.Чинзоригийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгаж байгаа бөгөөд шинжилгээрээр ямар нэг мансууруулах бодис илрээгүй аж. Өөрөө ч баривчлагдахаасаа өмнө олон нийтийн сүлжээнд “Хар тамхи хэрэглэдэггүй, цагдаа нар гурван удаа шинжилгээ хийсэн. Хохирогчийг сэхээнд байгаа гэж худлаа мэдээлэл битгий тараа” хэмээн бичсэн байв.