Бүжиг дэглээч, найруулагч, СУИСийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал , Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатартай Дуурийн театрын үүдэнд таарав. Баяр наадам дөхөж буйг хэлэх үү, Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар томилогдсоныг нь мэдэж байсан тул энэ жилийн тоглолт ямархуу өнгө аястай болох талаар асууж амжив. Төрийн хүндэтгэлийн концерт уламжлал ёсоор долоодугаар сарын 10-нд болох бөгөөд орон даяар шууд нэвтрүүлнэ.
-Хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл амжилттай юу?
-Амжилттай. Дөнгөж сая Дуурийн театрынхны бэлтгэлийг үзлээ. Б.Шаравын “Чингис хаан” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хэсгээс тоглуулах юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдод захиалан бичүүлсэн “Алтан соёмбот Монгол” удиртгал хөгжмийг тус театрын найрал болон гоцлол дуучид хэрхэн бүтээж буйтай танилцлаа. Сэтгэл хангалуун байна.
-Тоглолт бүхэлдээ ямар сэдэв, агуулгатай байх вэ?
-“Алтан соёмбот Монгол” нэрийн дор явуулна. Төрөө дээдэлж, эв эетэй амьдардаг монголчууд бидний дуу хуур, бүжиг наадам, өвөг дээдсийн өвлүүлсэн үнэт зүйл, бахархалт монголчууд гэсэн чиг шугамаар төлөвлөн, найруулж байна. Монголчууд үеийн үед нар, сар, гал гурваа шүтэн дээдэлж ирсэн. Тийм ч учраас эдгээрийг Төрийнхөө далбаанд багтаан, сүсэлж ирсэн ард түмэн. Монголчууд наадаж байгаа юм шиг мөртлөө үүгээр дамжуулж, өөрөөр хэлбэл, ард түмнийхээ баяр цэнгэл, бахарх¬лаар тэдний эв нэгдэл, улсынхаа тусгаар тогтнолыг батжуулж ирсэн байдаг. Энэ бол ухаан юм.
Концерт хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Хүн гүрний болон Монголын их хаадын үеийн ая эгшиг, Өндөр гэгээний бүтээл туурвил, “Эрчист Монгол” буюу Монгол бол эрчистэй, энергитэй газар гэсэн санаа шингээсэн, олон үндэстэн, угсаатны дуу хуурын хэсэгтэй. Үүний зэрэгцээ сонгодог урлагийн орон учраас ДБЭТын уран бүтээлчдийн сор бүтээлээс үзүүлнэ. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг монголчууд эх орондоо тоглосны 50 жилийн ой саяхан боллоо. Энэ тэгш ойд зориулсан тоглолтоос наа-дамчдадаа зориулж буй юм. Театрын ба¬летын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Гоцлооч нь Гавьяат жүжигчин Б.Саруул, Америкт ажилладаг Д.Нацагдорж нар. ОХУ-ын Пермь хотын Дуурь, балетын театрт тэргүүн гоцлоочоор олон жил ажиллаж буй Р.Булганыг “Хунт нуур”-т бүжиглүүлэх сэн, зохион байгуулаач гэж ДБЭТ-ын захирал Д.Алтанхуягт хэллээ. Тэр балетчин эх орондоо ирээд байгаа юм байна. Болох байх аа.
Гадаад орнуудын театрт дуурийн гол дүр бүтээн дуулж байдаг монгол дуучдаа урьж оролцуулахаар төлөвлөсөн. Хойд хөршийн Владивосток хот дахь “Мариинский-2”-ын гоцлол дуучин, тенор Д.Дагвадорж, мөн Пермийн Дуурийн театрын гоцлооч, баритон Т.Энхбат, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул гээд хэд хэдэн дуучныг урьсан.
-Гадаадад амжилттай дуулж яваа, Ардын жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат Г.Ариунбаатар нар шиг олон дуучин байдгийг харуулах гэв үү?
-Тиймээ. Тэр хоёрынхоо амжилт, бүтээлийн талаар бид байнга сонсож, мэдэж байдаг. Цаана нь олон сайхан дуучид бас л чамгүй амжилттай ажиллаж байдаг тухай мэдээлэх гэсэн юм. Дуурийн эх орон болсон Орост дүр, түүх бүтээгээд явж байна гэдэг нэр хүнд. Орон нутгийн театр, чуулгуудад бас өөр өөрийн өнгө төрх, дуу хоолойтой сайхан дуучид байдаг. Тэднээс урьсан. Жишээлбэл, “Хан Хэнтий” чуулгын гоцлол дуучин П.Оюунтуяа ирнэ. Залуу ардын дуучдаас бүрдүүлсэн ардын дууны чуулга маягтай бүрэлдэхүүн гаргах гэж байна. Тэгэхээр ардын сайхан дуунуудаас гадна алдарт Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Г.Бирваа, З.Хангал, Б.Шарав, Н.Жанцанноров нарын Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүлэх гэж байгаа нь ойлгогдож байгаа биз. Залуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүд ч бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, мөн Ур¬лагийн гавьяат зүтгэлтэн, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд, Урлагийн гавьяат зүтгэлтэн “Эмоушн” хамтлагийн продюсер Б.Чинбат, хөгжмийн зохиолч О.Чинбат нарын хөгжмүүдээс бас тоглоно. Жишээ нь, О.Чинбат Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жан¬цанноровын “Монгол аялгуу” хэмээх ал¬дарт бүтээлийг бүжигт зориулан найруулж, би бүжиг дэглэлээ. “Хатан” хамтлагийнхан амилуулна. Баялаг, орон нутгийн уран бүтээлчдээ дэмжиж, гадаадад буй дуучдаа ч урьсан утга агуулга гүнзгий концертыг наадамчин олондоо өргөн барихаар бэлтгэж байна. Маргаашаас Соё¬лын төв өргөөнд өдөр бүр тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийнэ, ирэх сарын 6, 8-нд хяналттай.
-Та анх удаа Төрийн хүндэтгэлийн концерт найруулж байна уу?
-Үгүй ээ, өмнө нь ажиллаж байсан. Гэхдээ яагаад ч юм он цаг улирах тусам хариуцлага улам нэмэгдээд байх шиг санагддаг. Энэ удаа бүр ч өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Япон Улсын эзэн хаан үзнэ. Тэрбээр манай ор¬ны урлаг, уран бүтээлчдэд тун хүндэтгэлтэй ханддаг. Түүнд зориулсан тусгай үзүүлбэрийг Монгол Улсын Соёлын Элч, “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгынхан бэлдэж байгаа.
-Эзэн хаан өмнө нь манай улсад айлчлахдаа Морин хуурын чуулгатай хамт хийл тоглосон шүү дээ. Энэ удаа өөрөө тоглохгүй юм болов уу?
-Энэ талаар тодорхой ярих боломжгүй байна.
-Томоохон тоглолтууд зөвлөхтэй байдаг.
-Тиймээ.Энэ удаагийнТөрийн хүндэтгэлийн концертын зөвлөхөөр Хөдөлмөрийн баатар, доктор, профессор Н.Жанцанноров ажиллаж байгаа. Гурван туслах найруулагчтай. Ерөнхий хөгжмийн зохиолч нь Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, ерөнхий удирдаач нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан юм. Энэ тоглолтын түүхэнд анх удаа Төрийн дууллыг бүхий л Ардын жүжигчдээр дуулуулахаар зэхэж байна. Шаардлагын улмаас гавьяатуудаас нэмж хэдийг урьж байгаа.
-Та тоглолт нэг цаг 30 минут үргэлжилнэ гэсэн. Энэ бүх номерыг багтаах уу?
-Ерөнхий найруулагчийн төлөвлөгөө ийм байна. Багтаахын тулд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлага тулгарч байна. Агуулга, санаа ойлгомжтой, өгүүлэмж товч, тодорхой, гүйцэтгэл дээд зэрэгт байх нь мэргэжлийн шаардлага.
Р.Оюунжаргал