Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Г.Занданшатар “Дэлхийн бүх л оронд дэд сайд ажилладаг, энэ бол улс төрийн албан тушаал. Сайдыг эзгүйд дэд сайд орлох шаардлагатай. Тиймээс УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, сайн судалж байгаад Засгийн газраар хэлэлцэж шийдэх ёстой” хэмээн хэлж байв. Энэ байр сууриа тэрбээр тун удахгүй ажил хэрэг болгох сурагтай. Цомхон төртэй байж, үрэлгэн зардлаа хэмнэх ажлыг өөрсдөөсөө эхлэх тухай Ерөнхий сайд байнга ярьдаг. Тэгвэл дэд сайдын албан тушаалыг сэргээснээр зардал хэмнэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн үзжээ. Үүний тулд АН, ХҮН, МАН хамтарч байх үед бий болгосон хяналтын болон бүтээмжийн 120 гаруй менежерийг чөлөөлөх нь. Тэдний цалинд 29 тэрбум төгрөг зарцуулж буй бол үүний оронд 16-18 дэд сайд томилсноор 50 дахин бага зардал гаргаж, илүү үр ашигтай ажиллаж болно гэсэн байна.
АН-ын дарга асан Л.Гантөмөр “ТӨХК-иуд дээр гарч байгаа хулгайг менежерүүд хянадаг. Тэднийг авч хаячихаад дур зоргоороо иддэг, уудаг байдал руугаа шилжих гэж байгаа бол Ерөнхий сайдыг өршөөхгүй” гэж байсан билээ. Сөрөг хүчин одоо уг асуудалд яаж хандахыг харж байя. Нөгөө талаар тус нам хэдийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаа больсон тул хуваасан “бялуу”-г цуцлах нь зүй. Ямартай ч Ерөнхий сайд ойрын хугацаанд дэд сайдын албан тушаалыг сэргээхээр төлөвлөж буй аж.
С.Уул