Саудын хан хүү “унтаа” хэмээн алдаршсан Аль-Валид бин Халед бин Талал аль Сауд хорин жил ухаангүй байсаар нас баржээ. 16 настайдаа осолд орсон хүү ер сэргэсэнгүй. Аль-Валид нь өнөө цагийн Саудын Арабыг үндэслэгчийн жич, ханхүү Халед, гүнж Рима нарын хүү байв. Амандаа алтан халбага зууж төрсөн азтай энэ хүүг аав, ээж нь хөрөнгө чинээгээр дутаахгүйн зэрэгцээ мэдлэгээр чимэхээр шийдэж, 16-тай байхад нь ном үзүүлэхээр Лондонд цэргийн коллежид оруулсан байна. Харамсалтай нь, ном эрдэмд шамдаж гийгүүлсэнгүй, нэгэн орой нөхдийн хамт машинаар зугаалахаар яваад осолд орж, тархи толгойдоо айхавтар гэмтэл авчээ. Ухаангүй болсон хүү болон аргаа барсан эцэг, эхэд нь энэ дэлхий дээр нэг ч эмч тусалж чадаагүй аж.
Ингээд 20 жил өнгөрч, сайжрах найдваргүй тул залууг амийг нь торгоож байгаа аппаратаас салгахыг эмч нар зөвлөсөн ч эцэг эх нь зөвшөөрсөнгүй. Бурхан хүүг минь нөгөө ертөнц руу явуулахыг зөвшөөрөхгүй байна, тийм бишсэн бол Аль-Валид аль хэдийн авсанд орох байсан гэж Халед бин Талал хэлж, гэргий Рима нь ч түүнийг дагаж хүүгийнх нь сүнс энэ өрөөнд буйг мэдэрч байна гэх болжээ. Залуу эр явах, ярих найдваргүй гэдэгтэй эцэг, эх нь төдийгүй хааны төрөл төрөгсөд ч эвлэрэхгүй байв. 20 жилийн турш Халед өдөр бүр хүүгийнхээ байгаа эмнэлгийн өрөөнд угсаа залгамжлагчтайгаа “ярьж”, дэлхий дахинаар шилдэг мэргэжилтнүүдийг хайж, хүүг нь сэргээж чадсан хэнд ч буй хөрөнгөө өгөхөд бэлэн байлаа. 20 жилийн хугацаанд Аль-Валидын эцэг, эх эмчилгээнд нь олон зуун сая ам.доллар зарцуулав. Энэ хугацаанд эмчлэгч эмч, ажилчид бараг солигдсонгүй, зарим сувилагч нь энэ айлын гишүүн мэт болсон байв. Тэд ханхүүгийн биеийг эргүүлж тойруулж, дэргэд нь юм ярьж, хоногт хэд хэдэн удаа эмчилгээ тордолгоо хийнэ.
Аль-Валидынэцэг, эхэд горьдлого төрүүлсэн явдал 2019 онд тохиосон байна. Сувилагч нь нэг өдөр түүнийг тордох зуур сурснаараа юм ярьж байтал залуугийн хуруунууд хөдлөв гэнэ. Эмчийг даруй дуудаад, гарын хөдөлгөөнөө давтахыг хүсэхэд Аль-Валид дахин хуруунуудаа хөдөлгөсөн төдийгүй гараа өргөжээ. Энэ үйлдлийг бичиж аваад ханхүүгийн төлөө санаа зовогч бүхэн амьсгал даран ажиглаж байв. Харин эмч нар ер тоосон шинжгүй. Аль-Валид шиг байдалд байгаа зарим хүн хөл, гараа хөдөлгөх нь бий, энэ нь түүнийг сайжрах, эрүүл болохыг харуулж буй юм биш гэж тэд хэлээд байлаа. 2020 онд энэ үйлдэл давтагдсан ч ханхүүгийн тархи ажиллаж эхэлж буй гэсэн үг биш болохыг судалгаа харуулж байжээ.
Он жил өнгөрөвч Аль-Валидын байдал өөрчлөгдөхгүй байсан тул түүнийг гэртээ аваачихаар эцэг, эх нь шийдэв. Өрөөнд нь дутуу юм байсангүй, анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, нөхцөл байдал ер бүгдийг хангажээ. Ухаангүй залууг нэг агшин ч өрөөнд ганцааранг нь орхихгүй байлаа. Хүүгийнх нь тархи эдгэшгүй гэмтсэн гэх эмч нарын үгийг эцэг, эх нь үл хайхарна. Тэд төрөл бүрийн мэргэжлийн эмч, заримдаа дуучин, хөгжимчдийг гэртээ урина. Энэ бүхэнд гар таталгүй зарцуулах хөрөнгө мөнгө хүүгийнх нь амь насны дэргэд ёстой юу ч биш санагдана.
20 жил, гурван сарын дараа 2025 оны долоодугаар сарын 19-нд Аль-Валидын зүрх цохилохоо болив. Хүү нь тэнгэрт одсоныг Халед мэдэгдээд, түүний эрүүл мэндийн төлөө залбирч байсан бүхэнд талархлаа илэрхийлэв. Гэр бүл нь гурав хоногийн гашуудал зарлаж, шарилыг дараа нь нутаглуулахаа мэдэгдэв. АльВалидад тохиолдсон энэ явдал урьд өмнө нь огт байгаагүй, өдий олон жил амьд хэрнээ ухаангүй байсан хүн үгүйг эмч нар тэмдэглэсэн байдаг. Ханхүү Халед, гүнж Рима нар дэлхий дахинаар “гараа өргө” гээд байхад л итгэл найдварынхаа төлөө тэмцсээр, нугаршгүй хүмүүс болохоо харуулж чаджээ.
хүнд гэмтэл авсан юм. Сэхээн амьдруулах гэж хэдэн сар оролдоод 2014 оны зургаадугаар сард гэрт нь авчрав.
Бас нэг жишээ нь, Оросын генерал Анатолий Романов. Чечень дэх холбооны хүчний командлагч 1995 оны аравдугаар сарын 6-нд Грозный хотод болсон алан хядах үйлдлийн уршгаар толгойгоо хүнд гэмтээсэн байна. Ярих, бие дааж хөдлөх чадвараа бүрэн алджээ. Одоо түүнийг РосГвардийн цэргийн төв эмнэлэгт эмчилж буй. Гэргий Лариса Васильевна нь эмч нартай хамт түүний амь насны төлөө 30 жил тэмцэж байна.
АНУ-ын иргэн Терри Уоллис 2022 оны гуравдугаар сарын эцсээр нас баржээ. 1984 онд тархиа хүнд гэмтээснээс хойш тэрбээр 19 жил ухаангүй байв. Эмч нар түүнийг сэхэх найдваргүй гэж үзнэ. Гэтэл Уоллис нэг удаа ухаан орж, хэсэг хугацааны дараа зарим хөдөлгөөн болон чадвар нь сэргэжээ. 1984 оны зургаадугаар сарын 12-нд автомеханик Терри Уоллис машинаар хурдтай давхиж яваад замаас гарч унасан ч амьд үлдэж, хэн нэгэн санамсаргүй олж харах хүртэл мод бутан дунд хэд хоног хэвтэв. Эмнэлэгт мэс засал хийгээд бүтэлтэй юм болсонгүй. Тархи нь айхтар гэмтсэн байв. Ухаангүй Уоллисыг сэхнэ хэмээн эмч нар нэг жил гаруй найдаж байлаа. Гэвч сэхэх найдваргүй хэмээн хамаатан саднуудад нь хэлэхээс өөр арга байсангүй. Гэтэл хүү ердөө 20 настай байдаг. Хамгийн итгэл алдарсан явдал ч заримдаа найдвар төрүүлдгийг цааших үйл явдал харуулжээ.
2003 оны зургаадугаар сард өрөөг нь цэвэрлэж байсан сувилагч “Ээж ээ” хэмээн түүний хэлэхийг сонсжээ. Түүгээр ч барахгүй уух дуртай ундаа “Пепси”-г нь авчирч өгөхийг хүссэн байна. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэрбээр бүрэн ухаан орж, садангийн хүмүүсээ таньж, ярьж эхэлсэн төдийгүй бага зэрэг хөдөлгөөн хийх болжээ. Духных нь хэсэг айхавтар гэмтсэн хэрнээ аажмаар ийн сэргэсэн нь үнэмшимгүй явдал тул анагаах ухаанд шуугиан тарив. Духны хэсэг нь оюун ухаан, өөрийгөө хянах, ярих, анхаарах гэх сэтгэхүйн дээд түвшний үйлдлийг хариуцдаг юм байна. Тиймээс эмч нар түүнийг хэзээ ч ухаан орохгүй гээд эмчлэх аргыг ч эрэлхийлэхгүй байжээ. Тэгэхдээ Уоллис сэргэснийг бас хосгүй юм гэж үзэж болохгүй гэнэ. Юуны урьд тэрбээр 19 жилийн турш гүн нойрссон байдалд байсангүй, ихэнхдээ амьдралыг дэмжих суурь үүрэгтэй амьсгалах, залгих болон өөр бусад зарим үйлдэл нь хэвээр хадгалагдаж байжээ. Нүдээ нээдэг, эргэлдүүлдэг, зарим дуу авиа ч гаргадаг байж. Уоллисын байдал тэр бүр хүнд анзаарагдахгүй ч сайжирч байв. Хамгийн дэвшилттэй нь тархи нь идэвхтэй, гаднын өдөөгчид хариу үйлдэл үзүүлдэг байлаа. Тэрбээр нас бартлаа хөгжлийн бэрхшээлтэй явж, өөрөө юм идэж чаддаггүй байв. Терри Уоллис ийнхүү түүхэнд ер бусын, ховор хүн болж үлдсэн байна. Түүнээс өмнө ч, хойно ч ингэж гэмтсэн нэг ч хүн ингэтлээ сэхэж сайжирч байсангүй. Уоллис яагаад сэхсэн нь одоо болтол мэргэжилтнүүдийн гайхлыг төрүүлсээр байгаа юм.
Германд эмнэлэгт 27 жил ухаангүй байсан Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн эмэгтэй Мунира Абдулла 2019 оны дөрөвдүгээр сард ухаан оржээ. Тэрбээр 1991 онд автын осолд орж, гавал-тархи нь гэмтсэн байна. Тэгэхэд Мунира 32 настай, хүүгээ сургуулиас нь аваад явж байгаад автобусанд мөргүүлсэн аж. Дөрвөн настай хүү Омар Ребар нь арын суудал дээр байж, ер гэмтэж бэртсэнгүй. Тэрбээр осол гэмтэлд орсон ойр дотнын хүмүүсээ үхнэ хэмээн итгэл алдрахгүй байгаасай гэсэндээ ээжийнхээ эрүүл болсон түүхийг хүмүүст дуулгахыг хүсжээ. Осолд орсон Мунира Абдуллаг орон нутгийн эмнэлэгт аваачсан ч удалгүй Лондонд хүргэжээ. Гэвч буцаагаад эх оронд нь хүргэв.
Түүнийг 2017 онд Германд аваачиж, хэд хэдэн мэс засал хийв. Хүүгийн нь ярьснаар нэг өдөр эмнэлэгт ээж нь хачин дуу гаргахад эмч нар “Зүгээр” гэж хэлжээ. “Гурван өдрийн дараа миний нэрийг дуудах шиг болоход би сэрсэн. Ээж минь ийн хэлсэнд би учиргүй баярласан. Үүнийг маш олон жил хүлээсэн дээ” гэж Омар дурссан байна. Мунира удалгүй Абу-Дабидаа очжээ.
1934 онд төрсөн Элейн Эспозито 1941 онд ухаан алдаад, 37 жил гаруйн дараа нас баржээ. Тэрбээр энэ үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохисон байна. Түүнийг зургаан настай байхад мухар олгой авах мэс засал хийсэн аж. Ингэхдээ наркоз хийснээс ухаан орсонгүй. 42 градус хүрч халууран, эмч нар өнөө шөнөөс хэтрэхгүй гэж байж. Эхний 10 сар Чикагогийн эмнэлэгт байхад эцэг, эх нь хөлсийг нь төлөхтэй байв. Тэгээд гэртээ аваачиж, ээж нь өдөр, шөнөгүй тойлов. Удаан хугацаанд нүд нь хараастай, гүн нойрсож буй юм шиг байсаар жин нь нэмэгдэж 37 килограмм хүрэв. Францад өргөс авсан мэт эмчилнэ гэж найдсан ч 43 жил 357 өдөр наслаад, 37 жил 111 өдөр ухаангүй байсны эцэст нас эцэслэсэн байна.
Р.Жаргалант