Хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэших нь ойр болон алс ирээдүйд нэн чухал болохыг мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд онцлох болсон. Энэ салбар компьютерийн шинжлэх ухааны дараа хоёрдугаарт бичигдэж байгааг Массачусетсын технологийн институтийн элсэлтийн статистикт тулгуурлан мэдээлэв. Асуудлыг шийдвэрлэхийн тулд өгөгдөлтэй ажиллахыг илүүд үздэг хүмүүс хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжил эзэмших магадлал өндөр. Түүнчлэн биологи, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбарт хиймэл оюун ухааныг ашиглах сонирхолтой оюутнууд энэ мэргэжлийг сонгох нь түгээмэл болсныг мэргэжилтнүүд танилцуулав. Тус институтэд 2025 онд 330, Калифорнийн Сан Диегогийн их сургуульд 150 оюутан эл чиглэлээр элссэн бол зөвхөн энэ улиралд гэхэд Өмнөд Флоридагийн их сургуулийн хиймэл оюун ухаан ба кибер аюулгүй байдлын шинэ тэнхимд 3000 гаруй оюутан суралцахаар бүртгүүлжээ. Мөн Буффало дахь Нью-Йоркийн улсын их сургууль Хиймэл оюун ухаан ба нийгмийн тэнхим байгуулсан. Калифорнийн Сан Диегогийн их сургууль энэ салбарт мэргэжилтэн бэлтгэхээр хичээлийн хоёр шинэ хөтөлбөр боловсруулсан гэхчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ даяар олон арван их, дээд сургууль, коллеж эл чиглэл рүү “шуурч” байгааг харуулах жишээ олон.
Жил бүр 200 орчим их, дээд сургуулиас мэдээлэл цуглуулдаг Компьютерийн судалгааны холбооны мэдээлснээр 2024 оны хавар компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр 173 000 оюутан суралцсан бол 10 жилийн өмнө энэ тоо 65 000 байжээ. Гэхдээ компьютерийн хөтөлбөрүүдийн 62 хувь нь ажлын байрны асуудлаас шалтгаалан бакалаврын элсэлт буурч байгаа аж. Тэгвэл хиймэл оюун ухааны технологи нь хүмүүсийн амьдрал, компаниудын бүтээмжид үзүүлэх бодит нөлөөллийг бий болгож буй бөгөөд ойрын ирээдүйд энэ салбар дэлхийг хамгийн их өөрчлөх төлөвтэйг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Стратегийн менежмент шийдлүүдээр мэргэшсэн олон улсын зөвлөх компани “McKinsey”-ийн тооцоолсноор хиймэл оюуны хүчээр жил бүр дунджаар 4.4 их наяд ам.долларын орлого олдог бөгөөд энэ нь Британийн ДНБ-тэй бараг тэнцэнэ. Оросын хувьд хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг эзэмшсэн мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээ мэдээллийн технологийн нийт зах зээлээс гурав дахин хурдан өсөж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны ёс зүйн мэргэжилтэн, програм хангамжийн инженер, системийн сургагч, өгөгдлийн шинжээч, алгоритм хөгжүүлэгч, бү тээ гдэхүүний менежер, стартап үүсгэгч гэсэн мэргэжилтэн эрэлт өндөр байна.
Э.Хана