Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадмаас манай сонины гэрэл зурагчин Э.Харцага “Шилдэг бүтээл”, улс төрийн тоймч С.Туул “Шилдэг редактор”-оор тус тус шалгарч, “Ган үзэг” цомын эзэн боллоо. Э.Харцага нь 2001 оноос хойш “Монгол ньюс” группын “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар тогтвор суурьшилтай ажиллаж буй. Тэрбээр “Гуанжоу-2010” Азийн наадмаас эхлээд 2018 онд БНСУ-ын Пёнчаны өвлийн XXIII олимп, “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байв. 2025 онд ХБНГУ-ын Рейн-Рурт болсон Дэлхийн оюутан залуусын зуны универсиад наадам, өнгөрсөн хавар зүүн гурван аймагт дэгдсэн хээрийн түймэрт өртсөн малчдын ахуй амьдрал, зам засах нэрээр ухаж төнхсөн нүх, овоолсон шороон дунд алхах замгүй болсон нийслэлчүүдийн бодит байдлыг дурандаа буулгасан нь “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан юм. Тэрбээр энэхүү нэр хүндтэй цомыг хоёр дахь удаагаа хүртэж байна.
Харин манай улс төрийн тоймч С.Туул 2005- 2017 болон 2023 оноос “Өнөөдөр” сониндоо ажиллаж буй. Тэрбээр 2014-2017 онд Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар ажиллаж, сэтгүүлчдийн бүтээл, нийтлэлд найруулга зүй, монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу редакторын үүрэг гүйцэтгэж байв. Сэтгүүлчдийн бүтээлийг уншиж, сайжруулахын зэрэгцээ улс төрийн даацтай тойм, нийтлэлээрээ уншигчдад хэдийн танил болсон билээ. Тэрбээр “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн бөгөөд өдгөө Бээжингийн хэл, соёлын их сургуульд докторантаар суралцаж байна.
Ч.Туяа