Шинэ жил, Зул сарын баяр дөхөхөөр бидний зүрх сэтгэлд нэгэн дотно дүр амилдаг нь сайхан сэтгэлт Санта Клаус билээ. Сантагийн түүх 1823 оноос эхтэй бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр, домогтой болжээ. Тэгвэл Монголд “AIC Steppe arena”-д тэрхүү үлгэрийн ертөнцөөр хамтдаа аялах боломж бүрдэж, “Сантагийн тосгон” үүд хаалгаа нээгээд байна.
Эл тосгоны босгыг давах төдийд л хотын дуу чимээ, стресс бухимдлаас холдож, баярын хөгжим чихэнд эгшиглэн, үлгэрийн ертөнцөд хөл тавих шиг болно. Ерөөс тэнд сэтгэл дулаацуулсан өөр нэгэн ертөнц угтах аж. Гадаах талбайд хүүхэд багачууд улаан малгайгаар ижилсэн, хөөцөлдөн гүйх бол эцэг, эхчүүд нь гартаа халуун кофе, шоколад барин, үрсийнхээ баяр хөөртэй мөчийг харан зогсох нь энэ өвлийн хамгийн дулаахан зураглал гэлтэй. Хүүхэд, багачууд тэнд зөвхөн мюзикл үзээд зогсохгүй, пони морь унаж, хөөсөн чихэр шарж идэн, үлгэрийн баатруудын дүрд хувирч байлаа. Мөн техник, технологийн эрин үеийнхэнд зориулсан VR тоглоом, selfie zone, Сантад захидал бичих хэсэг, үлгэрч эмээгийн ордон гээд үндсэндээ хүүхэд бүрийн мөрөөдлийн хотыг тэнд бий болгожээ.
МӨСӨН ДЭЭР “АМИЛСАН” ҮЛГЭР
Тус арга хэмжээний хамгийн гол цөм, хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан хэсэг нь яах аргагүй “Сантаг аварсан нь” хэмээх мөсөн дээрх мюзиклийг Монголд анх удаа олны хүртээл болгосон нь байв. Заалны гэрэл алгуур унтарч, мөсөн талбайд цэнхэр туяа цацрахад танхим дүүрэн хүүхдүүд тоглолт эхлэхийг амьсгаа даран хүлээх аж. Сүрлэг хөгжим эгшиглэж, мөсөн талбай дээр хүүхэлдэйн баатруудын дүрд хувирсан бяцхан жүжигчид гарч ирснээр жү жиг эхэлнэ. Эл жүжгийн үйл явдал аль ч насныханд ойлгомжтой, энгийн өгүүлэмжтэй бөгөөд тэдний шүтэн биширдэг Гримиксээс эхлээд ид шидийн Тинкербелл, монгол хүүхэд бүрийн дотнын найз “Мөнх тунх” гээд олон дүр нэгэн тайзнаа цугласан нь орчин үеийн болон уламжлалт үлгэрийн ертөнцийг хэрхэн нэгтгэснийг харуулна. Тэгвэл Сантаг хэн аварсан бэ. Хамгийн сонирхолтой нь, энэхүү жүжгийн гол дүр нь санта, эсвэл улаан хатан бус, үзэгч хүүхдүүд өөрсдөө байв. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд жүжгийн туршид зүгээр нэг үзэгч байхын оронд үйл явдалд оролцож, эв нэгдэл, нөхөрлөлийн хүчээр Сантаг аюулаас аварсан юм. Тэд хамтдаа жүжгийн туршид тулгарч буй саад бэрхшээл бүрийг даван туулахын зэрэгцээ хамтын хүч, эв нэгдэл, чин сэтгэл ямар үнэ цэнтэй болохыг ойлгов.
“Сантагийн тосгон”-ы гэрэл, хөгжим, дүрслэлийн зохицол нь хүүхэд бүрийн сэтгэлд үлгэрийн мэт ид шидийн гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Мөсөн тайзны өвөрмөц шийдэл нь үзэгчдийн анхаарлыг ихэд татах бөгөөд бяцхан жүжигчдийн хөдөлгөөн бүр хөгжимтэйгөө яв цав нийцсэн нь үнэхээр мэргэжлийн түвшний бүтээл болсныг илтгэх аж.
Багачууд бүрийн хайрлаж, хүндэтгэдэг Санта өвөө энэ үеэр “Хүүхэд бүрд хүсэл мөрөөдөл бий. Тэр дундаа шинэ жил бүрээр тэдний сэтгэлд үргэлж уяатай байдаг нэгэн хүсэл бол Сантатай уулзах юм. Энэхүү мөрөөдлийг нь ганцхан удаа л биелүүлчихэд тухайн хүүхэд насан туршдаа, магадгүй өвөө, эмээ болтлоо нандин дурсамж болгон тээж явна. Энэхүү гайхамшигт дурсамжийг бүтээхийн тулд Санта өвөө нь туслах элфүүдийнхээ хамт мөсөн өргөөнд өөрийн хотхоноо байгуулаад байна. Энд Санта эмээ болон үлгэрийн баатруудтай хамт яг л Хойд туйлд байгаа мэт нэгэн өдрийг аз жаргал, баяр хөөр, дурсамж дүүрэн өнгөрүүлж болно” хэмээн өгүүлэв.
МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖ БА ГЭР БҮЛИЙН ХАЛУУН УУР АМЬСГАЛ
Тоглолтын дараах “Сантагийн тосгон” бол хүүхэд бүрийн мөрөөдлийн бичил ертөнц юм. Халуун шоколад болон амтат хоолны хамар цоргим үнэр нь өвлийн хүйтэн жаврыг мартагнуулж, хүн бүрийн царайд дулаахан инээмсэглэл тодруулна. Эцэг, эхчүүдийн хувьд ч энэ нь зөвхөн үрсээ зугаацуулаад өнгөрөх бус, харин өөрсдөө ч хүүхэд насандаа эргэн очсон мэт мэдрэмж авч, тэдэнтэй хамт мөсөн дээр тэшүүрээр гулгаж, тоглон, ярилцах нандин цаг хугацаа байлаа. Ер нь ийм төрлийн интерактив буюу үзэгчдийн оролцоог хангасан арга хэмжээнүүд нь хүүхдийн төлөвшил, нийгэмшилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. “Сантагийн тосгон”-оос хүүхдүүд дурсамж өвөртлөн харьж байна. Зөвхөн дэлгэц ширтэж, цахим тоглоом тоглох бус, бодитоор үлгэрийн баатруудтайгаа уулзаж, тэдэнд тусалж, өөрсдийн гараар ямар нэгэн зүйл бүтээх нь хүүхэд бүрийн нүдэнд гэрэл гэгээ нэмэх шиг. Энэ бол зөвхөн баярын үзвэр төдийгүй Улаанбаатарт сүүлийн жилүүдэд дутагдаж байсан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхдийн цэвэр ариун мөрөөдлийг тэтгэх “амьд” орон зай болжээ.
Эцэст нь, Сантаг хэн аварсан бэ гэдэг асуултын хариулт маш энгийн. Сантаг хүүхдүүдийн чин сэтгэл, тэдний эв нэгдэл, хайр, бас баярт мөчийг хамтдаа хуваалцаж буй гэр бүлүүдийн дулаан уур амьсгал аварсан юм. “Сантагийн тосгон” Улаанбаатарт үүдээ нээснээр бидний амьдралд нэгэн шинэ өнгө төрх нэмэгдэж байна.
Мөн энэ бүхний ард ажиллаж буй зохион байгуулагчид болон залуу жүжигчдийн хичээл зүтгэлийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Мөсөн дээр олон цагаар бэлтгэл хийж, хүүхэд бага чуудад баяр баясгалан бэлэглэхийн тулд дүрдээ бүрэн орж ажиллаж буй тэдгээр уран бүтээлч бол энэхүү тосгоны жинхэнэ “илбэчид” юм. Тэдний хөдөлгөөн бүрийн цаана хүүхдүүдийн итгэлийг алдахгүй байх гэсэн чин сэтгэл нуугдаж буй нь мэдрэгдэнэ.
"Сантаг аварсан нь" мюзикл жүжгийг "AIC steppe arena"-гийн тайзнаа энэ сарын 27-28-нд 12.00, 18.00 цагт толилуулах юм .
Э.Сондор