Дүн хүйтэн, утаа, түгжрэлтэй өвлийн улиралд халуун орныг зорих монгол жуулчдын тоо эрчимтэй өсөж байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны статистик мэдээллүүдээс шүүж харвал энэ онд гэхэд 40-49 насныхан бусад насны бүлэгтэй харьцуулбал өвлийн саруудад 30 хүртэлх хоногоор гадаадад хамгийн их зорчсон байна. Энэ нь санхүүгийн чадамж, гэр бүлийн байдал уг насанд харьцангуй тогтворждогтой холбоотой хэмээн судлаачид хэлдэг. Үүнээс гадна 6-8 дугаар сард зуны, 12-2 дугаар сарын хооронд сурагчдын өвлийн амралт эхэлдэг учраас эцэг, эхчүүд энэ завшааныг ашиглан утаа, түгжрэлээс хүүхдүүдээ холдуулахыг эрмэлзэх болсныг ч дурдах хэрэгтэй.
Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар БНХАУ руу 2.2 сая иргэн хувийн шугамаар зорчсон нь тун өндөр үзүүлэлт болжээ. Үүний дараа ОХУ руу 310, Өмнөд Солонгос руу 170, Тайланд руу 16.4 мянган иргэн тус тус зорчжээ. Монголчууд аялах улсаараа Зүүн өмнөд Азийн орон сонгох нь түгээмэл байгаа нь тус бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилтэй шууд холбоотой. Мөн Монголоос эдгээр улсад зорчих сонголт их, хямд өртөгтэй зэрэг хүчин зүйл нөлөөлж буй аж.
Д.Хэрлэн