Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 иргэн шархадсанаас хоёрынх нь биеийн байдал өдгөө маш хүнд байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр халдлага үйлдэгч 27 настай Жан Вэн нь мөрдлөгийн үеэр өндөр барилгаас унаж амиа алдсан бөгөөд түүнийг цэргийн албанаас зайлсхийсэн хэргээр 2024 оноос хойш эрэн сурвалжилж байжээ. Тэрбээр халдлага үйлдэхдээ ашигласан хэрэгслүүдээ цахим платформоор дамжуулан өнгөрсөн жилээс цуглуулж эхэлсэн аж. Гэмт этгээд Тайбэй төв буудал болон Жуншань метроны орчимд 17 ширхэг утааны гранат дэлбэлжээ. Түүний ашигласан гранатууд нь үзэгдэх орчныг 5-10 метрийн зайд бүрэн хаах хүчин чадалтай бөгөөд энэ нь метроны буудал шиг битүү орчинд иргэдийг сандарч, зүг чигээ алдахад хүргэсэн гол хүчин зүйл болсон аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг хэргийг маш нарийн төлөвлөсөн бөгөөд сэтгэл зүйн тогтворгүй байдал нь гэмт этгээдийг ийм алхам хийхэд хүргэсэн байж болзошгүй гэнэ. Үүнтэй холбогдуулан Тайванийн Хууль зүйн яамнаас цахим орчинд зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис борлуулах хяналтыг чангатгах хуулийн төслийг боловсруулж буй гэнэ. Мөн уг халдлагын дараа цахим дэлгүүрүүд ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнээ устгаж, борлуулалтаа зогсоосон нь энэ салбарт хяналт дутмаг байсныг харуулж буйг мэргэжилтнүүд онцолсон юм.
Э.Сүйлэн