Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн амны байгалийн үзэсгэлэнт газар байрлах “Сансар” олон улсын хүүхдийн зуслангийнхан “Infinity mirror” нэртэй шинжлэх ухааны музей барьж байгуулан, шинэ оны босгон дээр нээгээд байна. “Сайхан дурсамжийг хүүхэд бү рийн зүрх сэтгэлд урлан бүтээе” уриатай тус зуслан нь жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой. Музейг зуслангийн дэргэд, 56 ам метр талбай бүхий сансар огторгуй, одон орон, толины хязгааргүй хувирал, мэдрэмжийг төрүүлэхүйц дөрвөн танхимтайгаар байгуулсан гэнэ.
“Сансар”-ынхан сурагчдын амралтад зориулан “Өвлийн зуслан” хөтөлбөр зарласан бөгөөд амрагч хүүхдүүдэд шинээр үүдээ нээсэн музей гэнэтийн бэлэг болж байгаа аж. “Манай зуслан өвөл, зуны аль ч улиралд олон шинэлэг хөтөлбөр хэрэгжүүлдэг уламжлалтай. Энэ удаад шинжлэх ухааны музей байгуулж, инфинити миррор урлан бүтээсэн нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байна. Тэдний их хотын стресс, ядаргааг тайлан, амрангаа амттай хоол идэж, цэвэр агаарт суралцах боломжийг бид давхар олгодог. Үүний нэг нь “Өвлийн зуслан” хөтөлбөр юм. 7-21 хоног хүртэл үргэлжилдэг уг хөтөлбөрийн гол онцлог нь хүүхэд нэг бүрийн англи хэлний ярианы түвшнийг сайжруулах, цаашлаад нэг шат ахиулах боломж олгодгоороо давуу талтай” хэмээн багш нар нь хэлэв.
Түүнчлэн амрагч хүүхдүүд музейгээс гадна астра дөүм театраар зочилж, гэрэлт гүүрээр аялдаг гэнэ шүү. Сонирхуулахад, Монголд хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой саяхан тохиосон бөгөөд энэ үеэр үндэсний хэмжээнд хүүхдийн төлөө хамгийн олон бүтээн байгуулалт хийж, хөтөлбөрөө шинэчилсэн шилдэг зуслангаар “Сансар” шалгарчээ.
О.Ундрах