“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна. “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-аас зохион байгуулж буй тус уралдааны II шатны шалгаруулалтад хүүхэд, залуус 12 мэргэжлийн төрлөөр өрсөлдөж, шалгарсан нь ирэх сарын сүүлчээр болох үндэсний аваргад оролцох эрх авчээ. Тодруулбал, II шатны шалгаруулалтад сургалтын 42 байгууллага, мэргэжлийн 12 сургуулийн нийт 182 суралцагч өрсөлдсөнөөс сургалтын 22, мэргэжлийн 12 байгууллагын 53 суралцагч тунаж үлдсэн байна. Гагнуур, механик инженер, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, хоолны үйлчилгээ, барилгын бүтээц, угсралт, мужаан, засал чимэглэл зэрэг чиглэлээр залуусын авьяас, ур чадвар, мэдлэгийг сорьсон энэхүү уралдаан нь цаашид мэргэжлийн карьераа өсгөх боломж олгодгоороо онцлог. Мөн үндэсний аж ахуйн нэгж, түнш байгууллагууд технологийн шийдэл, шинэ инновац, тоног төхөөрөмжийн талаар туршлага, мэдээллээ солилцох, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагууд сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэх, Засгийн газар, бодлого боловсруулагчид ур чадварт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжихэд эерэг нөлөөлөл бий болно хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.
Ч.Цэлмэг