Нийслэлчүүд авто замыг шинэчлэх, зогсоол барих, түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, ногоон байгууламж бий болгох талаар санал хүсэлтээ өчигдөр болсон “Нийслэлийн төсөв-2027” хэлэлцүүлгийн үеэр уламжиллаа. Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэл ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж буй энэ хариуцлагатай цаг үед иргэний санал хүсэлт хамгийн чухал. Тиймээс 2027 оны төсвийг иргэдийнхээ бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэсэн “Иргэн төв”-тэй төсөв болгохын төлөө оролцоог нь бүрэн хангаж, санал бодлыг нь тусгаж байна. Нийслэл 2027 оны төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй байдлыг тэргүүнэгнээнд авч үзнэ. Төсвийг сайн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үр дүн гэсэн зарчмаар хуваарилна” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир “2027 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын саналыг нийслэлийн харьяа 45 байгууллагаас ирүүлсэн. Нийт 661 төсөл, арга хэмжээний санал өгсөн. Үүнээс хоёр шатлалаар эрэмбэлж, 132 төсөл, арга хэмжээг шалгарууллаа. Салбараар нь авч үзвэл, хот байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хот, нийтийн аж ахуй, төрийн үйлчилгээ, байгаль, агаар орчин, нийгмийн үйлчилгээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийнэ” гэлээ. Судалгаагаар нийт иргэдийн 78 хувь нь замын түгжрэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал гэж үзжээ.
Ч.Цэлмэг