Хоёр жилийн өмнө баривчлагдсан хэвлэлийн магнат, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээгдэж шүүхийн шийдвэр хүлээж байгаа Жимми Лайтай уулзахаар Рафаэль Вонг, Фичо Чан нар 2022 оны өвлийн нэг өглөө Хонконгийн Стэнли шоронд очив. 2019 онд олон мянган хүн гудамжинд гарч Хятадын энэ хотод ард чилал, эрх чөлөөг өргөжүүлэхийг шаардаж Хонконгийг доргиосон эсэргүүцэл тэмцэлд энэ гурван хүн оролцсон байна. Тэд байсхийгээд уулзаж зоог барина, дараачийн уулзалт нь хатуу дэглэмтэй шоронд тохионо, эсэргүүцэл тэмцэл нь дарагдана, анд нөхөд, хамтран зүтгэгчид нь торны цаана сууна. Хонконгийг ингэтлээ өөрчлөгдөнө гэж хэн ч бодож байсангүй. “Бүдүүн Лай” хочит эр одоо ихээхэн туржээ. 70 гарсан Лай эсэргүүцлийн хөдөлгөөний гол хүн байв. Хонконгийг ардчилсан болгож хувиргана хэмээн найдаж, үүндээ хамгийн нөлөөтэй зэвсэг болох нэрд гарсан “Apple Daily” сониноо ашиглажээ. Хятадын Коммунист нам үндэсний аюулгүй байдлын тухай маргаан дагуулсан хуулийг Хонконгод хэрэгжүүлсэн 2020 онд энэ явдал айхтар эрсдэл дагуулав. Лай өөрийгөө Хонконгдоо “өртэй” гэж үздэг. Британийн иргэншилтэй ч тийшээ явахаас татгалздаг нэгэн. “Надад байгаа бүхнийг би эндээс олж авсан” гэж 2020 онд баривчлагдахаасаа өмнөхөн хэлж байжээ. Хонконг түүнд бэлэглэсэн эрх чөлөө Хонконгод өөрт нь байгаасай гэж тэр хүсдэг. Чухам энэ л түүний улс төрийн үзэл бодлыг тодорхойлж, Коммунист намыг эрс шүүмжилж, Хонконгийн ардчилсан чиг баримжаат хөдөлгөөнийг дэмждэг аж. Үүнийхээ үнийг өөрийн эрх чөлөөгөөр төлж байна. Хятадын Комунист намыг үзэн яддаг, намын үнэт зүйлсийг Өрнөдийн ертөнцийн үнэт зүйлсээр солих эрмэлзэлтэй гэж буруутган Дээд шүүх түүнд ял оноов. “Коммунист нам мөхөж, түүний удирдагч Си Зиньпин эрх мэдлээ алдана гэдэгт итгэж явдаг хүн” гэж шүүх нь мэдэгджээ. Лай хэчнээн үгүйсгэсэн ч шүүх түүнийг огт хайхарсангүй. Түүнд тулгаж хүлээлгэсэн ялаас хамгийн айхавтар нь гадаадын хүчинтэй хуйвалдсан гэх буруутгал бөгөөд дээд шийтгэл нь насаар нь хорих байлаа. Шүүхийн энэ шийдвэрийг Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Ли дэмжиж, “нийгмийн зөрчил бий болгож, хүчирхийллийг алдаршуулахад өөрийн сониныг ашигласан” гэж мэдэгдэв. “Хүний эрх, ардчилал, эрх чөлөөгөөр халхлан” тус улсад хор хохирол учруулах эрхийг хууль хэнд ч олгоогүй хэмээн нэмж хэлжээ. Ганц хүний өрөөнд хоригдож байхад Лайгийн католик шашинд итгэх нь улам их болж, эрх баригчдын нотолсноор өөрийн хүсэлтээр шоронд хоригдсон байна. Тэрбээр өдөрт зургаан цаг мөргөл үйлдэж, Христийн зургийг зурж анд нөхдөдөө шуудангаар явуулдаг байв. Амьдралынхаа туршид Жимми Лай ая тухтай байдлыг эрхэмлэж явсангүй, 12 настайдаа сайн сайхан амьдрал хайн Хятадаас явснаас хойш үйлдвэрт хүнд хөдөлмөр эрхэлж байхдаа ч, хожим нь Хонконгийн нэрд гарсан магнат болсон хойноо ч хялбар амьдрал эрж байгаагүй аж. Мэдээллийн эзэнт улс нь чухам тиймээс ч Бээжинтэй хүч үзэхээс халшраагүй биз.
Лайгийн хувьд Хонконг Хятадад байгаагүй юм бүхэнтэй, боломж, хязгааргүй баялаг бүхий ихэд хөрөнгөжсөн капиталист улс байлаа. Эрх чөлөөтэй улс орон байв. 1959 онд түүнийг ирэхэд энэ хот Британийн колони байсан ч чухам энд л тэрбээр амжилт олж, дараа нь өөрийн гэсэн дуу хоолойтой болжээ. 1995 онд олны гарт хүрмэгцээ л “Apple Daily” хамгийн олон уншигчтай сонины нэг болов. Америкийн “USA Today” маягаар үүсэн бий болсон “Apple Daily” хэвлэл, сонины өнгө төрхийг өөрчилж, хэвлэлийн хэлбэр дэглэлт болон үнэ ханшийн талаарх урьдын төсөөллийг орвонгоор нь эргүүлчихэв.
Хонконгийн их сургуулийн сэтгүүл зүйн профессор Фрэнсис Личийн хэлснээр тус сонин биеэ үнэлэгчдийн арилжаа эрхлэгчдээс эхлээд эдийн засагч, зохиолчид хүртэл өргөн олны унших дуртай хэвлэл болжээ. “Хэрэв чи ямар нэг юм хийхийг сэдсэн бол айж болгоомжлолтгүй, тийм боломжийг чамд тэр олгоно” хэмээн сонины редактор, ажилтан байсан хүмүүс Лайнгийн санаачилгыг түргэн шуурхайг нь магтана. Түүнийг бусдаас их өөр, шинийг санаачлагч, аливааг туршиж үзэхээс болгоомжилдоггүй хүн гэж үнэлнэ. Өрсөлдөгч компанийн захирал байсан Герберт Чоугийн бодлоор үйлдвэрлэлийн дүрэм журмыг зөр чихөөс эмээлгүй, дайсантай болохоос ч айхгүй ажилладаг нь Лайгийн амжилт ч, сүйрэл ч болдог бөгөөд ийм хандлагагүйгээр “Apple Daily” ч байх боломжгүй, ийм үр дүнд хүрэх ч үгүй байсан гэж ярьсан байна.
Жимми Лай хүүхэд байхдаа шоколаднаас болж Хонконгод ирсэн гэдэг. Хүү Хятадад галт тэрэгний буудал дээр зорчигчдын ачаа зөөдөг байж. Гэтэл нэг хүн түүнд шоколад, мөнгө өгсөн аж. Шууд идэж орхичихоод “Хаанаас ирсэн юм бэ?” гэж тэр хүнээс асуухад “Хонконгоос” гэж хэлж. Хариуд нь “Хонконг гэдэг диваажин байж таарна, ийм юм би амандаа хийж үзээгүй” гэж Лай дурсаж буй нь 2007 онд бүтээсэн баримтат кинонд дүрслэгдсэн байна. Маогийн үед Хятадад амьдрал залхаах кампанит ажил ихтэй, нэг шөнийн дотор аж үйлдвэржүүлнэ, капиталист ангийн дайснуудыг бүрмөсөн устгана гэх мэтээр үймүүлэх нь элбэг. Бизнес эрхэлдэг байсан Лайгийн гэр бүл хар жагсаалтад орсон аж. Эцэг нь гэр бүлээ орхиод Хонконг руу явж, эх нь хөдөлмөрийн лагерьт илгээгдэв. Олон жилийн дараа Лайгийн бичсэнээр, түүнийг эгч, дүү нарынх нь хамт гэрээс нь хөөн гаргаад олон хүн ээжийг нь сөхрүүлж суулгаад хэрхэн зодож, доромжилж байгааг албадан харуулж, ийм үйлдэл тэр даруйдаа өдөр бүр давтагдах болжээ. Ийм юм харах нь маш аймшигтай байж “Нулимс нь горхи шиг урсаж цамцыг нь норгожээ”. Тэгээд эх газраас, Маогийн засаглалын доргио донсолгооноос зугтсан олон сая хүний дунд 12 настайдаа хөл тавсан аж. Тэнгисийн өвчинд шаналсан 80 орчим зорчигчтой хамт загасчдын завины ёроолын хэсэгт нь суугаад Хонконгод очсон байна. Ирээд өдөрт олон цагаар ажиллана. Гэлээ ч сүүлд нь ярьснаар өөрт нь ирээдүй буй гэдгийг мэдэрсэн хамгийн аз жаргалтай үе нь байжээ. Нэг нөхөр нь түүнд англи хэл заав. Олон жилийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ч, шүүхэд мэдүүлэг өгөхдөө ч англиар дуржигнатал ярьж. 20 настайдаа нэхмэлийн үйлдвэр удирдаж, хэдэн зоостой болоод “Comitex Knitters” компаниа байгуулахад нас нь 27 хүрсэн байлаа. Ажил хэргээр Лай Нью-Йоркт байсхийгээд очно, нэг удаагийнхаа томилолтын үеэр Нобелийн эдийн засгийн салбарын шагналт, чөлөөт зах зээлийг дэмжигч Фридрих Хайекийн “Боол болох зам” номыг олж авчээ. Чухам энэ ном түүний ертөнцийг үзэх үзлийг тодорхойлж өгсөн байна. Тэрбээр “аяндаа гарч ирсэн хүмүүсийн хариу үйлдэл, мэдээлэл солилцоо л бүх сайн сайхныг бий болгосон” гэсэн дүгнэлт хийв. Түүний бодлоор чухам үүнд л Хонконгийн хүч чадал байгаа аж. Унших дур хүслийг энэ ном түүнд бий болгов. Хүндэлдэг хүмүүсийнхээ бичсэн бүх номыг хэдэн ч удаа уншиж чадна. Үйлдвэрт арван жил ажиллаад уйдаж, 1981 онд хувцасны “Giordаnо” гэдэг дэлгүүрийн сүлжээгээ үүсгэсэн нь салбартаа анхных нь болжээ. Дэлгүүрээ Хятадад ажиллуулав. Маог үхсэний дараа дэлхий дахинаар салбаруудаа нээлээ. 2007 онд бүтээсэн баримтат кинонд Лай их баяртай “Хятад өөрчлөгдөж, Өрнөдийн орон шиг болох нь” гэж хэлсэн байна. 1989 онд Тяньаньмэний талбайд ардчиллыг дэмжсэн эсэргүүцлийг Бээжин харгис хатуугаар дарав. Хятад, Британийн хооронд хийсэн хэлэлцээрээр 1997 онд Хонконг Хятадын мэдэлд очих ёстой нь Лай, Хонконг хоёрын хувьд амттай нойрноос сэрсэн шиг болов. “Giordano” Тяньаньмэний талбай дээрх эсэргүүцэл тэмцлийг удирдсан хүмүүсийн хөрөг, Бээжинг эсэргүүцсэн уриа бүхий дотуур цамц худалдаж, Хонконгийн дэлгүүрүүдэд ардчиллыг дэмжсэн зурагт хуудсууд өлгөв. Бээжинд болсон оюутнуудын тэмцэлтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж Хонконгийн гудамжид нэг сая хүн гарав. Бээжинд өнгөрөөсөн амьдралаа Лай мартахыг хүсдэг байсан бол “Энэ бүхнийг хараад шөнийн харанхуйд ээж минь намайг дуудах шиг мэдрэмж төрж билээ” гэж хожим нь дурссан байна.
Нэг жилийн дараа Лай “Next” нэртэй сэтгүүл гаргах болж, Тяньаньмэний талбайд болсон олныг хамарсан аллагад гол үүрэг гүйцэтгэж “Бээжингийн махчин” гэгдэх болсон Ли Пэнд бичсэн ил захидлаа 1994 онд нийтэлжээ. Түүндээ Ли Пэнийг мулгуу, “Яст мэлхийн хүү” гэж нэрлэв. Бээжин учиргүй хилэгнэсэн юм. 1994-1996 онд “Giordano”-гийн Бээжин дэх гол дэлгүүр болон Шанхай дахь 11 салбарыг нь хаасан байна. Лай өөрийн хувьцааг зарж, компанийн тэргүүний суудлаас огцров. Дээр өгүүлсэн 2007 онд бүтээсэн баримтат кинонд Лай “Би ердөө мөнгө олоод л байвал миний хувьд ямар ч учир утгагүй. Харин хэвлэлийн бизнесээ хийвэл хүмүүст мэдээлэл хүргэнэ, мэдээлэл чинь сонголт, сонголт чинь эрх чөлөө шүү дээ” гэж хэлсэн байдаг. АН-аас депутатаар сонгогдож байсан Ли Винтайны хэлснээр Лай удалгүй Хонконгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөнд идэвхтэй оролцох болж, түүний удирдагчтай нь уулзан, стратегийн талаар ярилцах болжээ. Хятадын Коммунист намыг эрс шүүмжилж “Хувийн эрх чөлөөг хязгаарлаж буй бүхэнд дургүй болохоор Коммунист намыг бүх талаар эсэргүүцдэг. Эрх чөлөө байдаггүй эрх орныг бид хайрлах ёстой гэж үү” хэмээн 1994 онд бичиж байв. Хятадын дээд эрх мэдэлд гарч ирсэн Зян Зэминь цаашдаа хонконгчууд өөрсдийгөө захирч, ирэх 50 жилийн туршид өндөр түвшний автономит эрхээ хадгалж байх болно гэж амлав. 2014 оноос Хонконгод чөлөөт сонгууль явуулахыг Бээжин татгалзаж эхэлсэн нь Лайн хувьд бас нэг эргэлтийн үйл явдал байлаа. Эсэргүүцлийн хөдөлгөөнийнхөн хотын худалдааны дүүргийг 79 хоног хамгаалахад Лай тэнд өдөр бүр очиж байв. Депутат асан Ли Вантай “Цагдаа нар нулимс асгаруулагч хийгээр буудаж байхад би Бүдүүнтэй хамт байсан” гэж дурссан байдаг. Таван жилийн дараа 2019 онд хонконгчууд дахин тэмцэлд босов. Хонконгийг эх газрын Хятадтай нийлүүлэх тухай хуулийн төсөл үүний шалтгаан болжээ. Тайван жагсаал аяндаа ширүүн мөргөлдөөн болон идэвхжиж тус хот хагас жил дайны талбар болж хувирсан юм. Энэ үед Лай тэмцэгчдийн тэргүүн эгнээнд байж, зөвшөөрөл аваагүй дөрвөн ч жагсаалд оролцсоны учир шоронд 20 сар суулаа. Лай “Хүмүүсийг гудамжинд гарахыг уриалах”-ыг сониныхоо редакцад үүрэг болгосон байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн заалтаар сонины редакцад нэгжлэг хийж, улмаар 2021 онд “Apple Daily”-г хаав. Эсэргүүцлийн хөдөлгөөн ид байхад Лай Хонконгийн байдлыг хэлэлцэхээр АНУ-д очиж Дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй уулзжээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль үйлчилж эхлэхээс нэг сарын өмнө Лай хамт олноосоо зөрөн “Хонконгийг аврах”-ыг хүсэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихийг уншигчдидаа уриалав. Энэ нь шүүхийн шийдсэнээр Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг гадаадын гүрэнд ил шууд хандсантай дүйх явдал болжээ. Лайг урвагч, Өрнөдийн зарц гэж Бээжинд нэрлэв. Бас Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, олонх нь эх орончид байгаа Парламентын ачаар Хонконг хөгжил цэцэглэлт рүү явж байна гэж Лай мэдэгдлээ.
Чихрийн шижин өвчтэй Лайг суллахыг гэр бүлийнхэн, нөхөд нь олон жил шаардаж буй ч одоо хэр нь хариу өгөөгүй байна. Аюулгүй байдлын тухай шинэ хуулиар таван жилийн өмнө Хятадын эрх баригчид баривчилсан Лайд насаар нь хорих ял ч өгч болзошгүй юм. Шүүхийн шийдвэрийг энэ сард гарна хэмээн хүлээж буй. 78 настай Лай Хятадын Коммунист намын удирдлагыг хатуу шүүмжлэгчдийн нэг, шүүхтэй олон удаа нүүр тулгарч байсан, өөрт нь тулгадаг ялыг огт хүлээдэггүй хүн. Харамсалтай нь, Хонконгийн ардчилсан сөрөг хүч болох Ардчилсан нам нь Бээжингийн шахалтаар 2025 он дуусахын босгон дээр өөрийгөө тараах санал өгөв...
Р.Жаргалант