АНУ-ын Виржиниагийн технологийн их сургуулийн төгсөх оюутан Шривастана шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл нээжээ. “Papers in рalaeontology” сэтгүүлд нийтэлснээр тэрбээр хээрийн судалгаа буюу малтлага хийж, шинэ олдвор илрүүлэн шинжлээд ийм нээлт хийгээгүй аж. 1982 онд Нью Мексико муж дахь Сүнсний ранчо хэмээх эдэлбэр газраас илрүүлсэн, Карнегийн Байгалийн түүхийн музейд 40 гаруй жил хадгалагдаж буй олдворыг сүүлийн хоёр жилийн хугацаанд судалж, гавлын ясных нь бутарсан хэсгүүдийг сэргээн “амилуулах” явцдаа шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл болохыг тогтоосон байна. Олон улсад нэртэй палеонтологич Стерлинг Несбитт эл олдворыг технологийн дэвшлээр шинжлэхийг судлаач залууд санал болгон хамтран нээлт хийжээ. Тэд төрөл бүрийн судалгааныхаа зэрэгцээ компьютер томограф ашиглан дээжийг дижитал хэлбэрээр сэргээж, гурав хэмжээсээр хувилан, хэвлэсэн. Үүний үр дүнд уг олдворын эзэн нь том занхар толгой, өргөн шанаа, богино хоншоортой, махчин үлэг гүрвэл байсныг баталгаажуулжээ. Судлаачдын тэмдэглэснээр энэ нь Триасын галвын сүүл үе буюу барагцаагаар 201 сая жилийн өмнөх буюу тираннозавр рексээс бараг гурав дахин эрт цагт амьдарч байсан. Шинжлэх ухаанд рtychotherates bucculentus хэмээх латин нэршлээр бүртгэсэн бөгөөд махчин үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний бүлгийн нэг херрерасаврт харьяалагдахыг онцолжээ. Өөр нэгэн онцлог нь эл үлэг гүрвэл нь удам угсааныхаа сүүлчийн гишүүдийн нэг байх магадлалтайг судлаачид тогтоожээ. Энэхүү нээлт Триасын галвын сүүл үеийн үлэг гүрвэлүүдийн хувьслын талаар эргэн харах, цоо шинэ мэдээлэл, мэдлэг хуримтлуулах, цаашдын судалгаануудад эргэлт авчрах боломж гэдгээрээ чухал ач холбогдолтойг салбарынхан нь тэмдэглэжээ. Ташрамд өгүүлэхэд, Цэрдийн галавын сүүл үе буюу барагцаагаар 68-66 сая жилийн өмнө амьдарч байсан, хуурай газрын хамгийн том, аймшигт махчин амьтан тираннозавртай төрхөөрөө төстэй шинэ “нөхөр” шиг Триасын үеийн сайн хадгалагдсан олдвор нэн ховор аж.
Мөн техник, технологийн хөгжлийн үр шимээр нээсэн өөр нэгэн нээлтийг археологийн салбарын польш судлаачид хийжээ. 1914 оноос Вроцлав хотод хадгалагдаж буй, 2000 жилийн тэртээх, найман настай хүүгийн занданшуулсан цогцсыг компьютер томографийн аппаратаар тандаж, цээж хэсэгт сахиус маягтай зүйл байгааг баталжээ. “Digital Applications in Archaeology and Cultural Heritage” сэтгүүлд нийтэлснээр муми нь 1.23 орчим метр өндөртэй, ниймийн дунд давхаргын гэр бүлээс гаралтай, эрэгтэй хүүхдийн бөгөөд ямар нэгэн өвчин болон ноцтой гэмтэл бэртлийн ул мөргүй аж.
Э.Хана