Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар энэ сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болж буй энэ айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх юм. Тухайлбал, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх гэнэ.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн Монгол, Казахстаны бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Төрийн тэргүүн тус хотод болох экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох аж.
Ташрамд, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон юм. Тус айлчлалын хүрээнд Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны стратегийн түнш орон болж байв. Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан улсад төрийн айлчлал хийжээ.