Орост ХДХВ/ДОХ-ын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд тогтмол хамруулахаар болсныг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. Тэрбээр “Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог цаашид өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ялангуяа эрсдэлт бүлгийн иргэд төдийгүй нийт хүн амын 30-аас доошгүй хувийг жил бүр тогтмол хяналтад оруулснаар халдварын далд тархалтыг зогсоох боломжтой” хэмээв. Тодруулбал, тус улсад 2025 онд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 1.25 саяд хүрч, жилийн дотор 35 000- аар өсжээ. Энэ нь 15-50 насныхны дунд халдварын эрсдэл маш өндөр буюу зургаан хүн тутмын нэг нь ДОХ-той гэсэн үг аж.
ДЭМБ-ын тоо баримтаас үзвэл ОХУ-д 100 000 хүн тутамд 890 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа нь өрнөдийн орнуудаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, Франц улсад энэ үзүүлэлт 358, Британид 191, Шведэд 171 байгаа бол ОХУ дахь тархалтын цар хүрээ Либери (944), Гвиней (874) Африкийн орныхтой ижил түвшинд хүрчээ. Иймд урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг бүх нийтэд олгох, бэлгийн замын халдварт өвчний мэдээллийг ил тод болгох нь оношилгоо, шинжилгээнээс дутахгүй чухал болохыг олон улсын байгууллагынхан онцоллоо.
Харин эрүүл мэндийн салбарын шинжээчид болон тархвар судлаачдын үзэж буйгаар ОХУ-ын хүн ам зүйн аюулгүй байдалд ХДХВ-ний халдвар ийнхүү хүчтэй нөлөөлж эхэлсэн нь нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд томоохон сорилт болж байна. Халдвар тээгчдийн насны бүтэц хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй үе буюу 30- 45 насныхны дунд төвлөрч байгаа нь цаашид ажиллах хүчний нөөц, эрүүл мэнд болон нөхөн үржихүйн бодлогод сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй юм.
Э.Сүйлэн