Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Ч.Номин аавынхаа үүсгэн байгуулсан, аж ахуйн нэгжүүдийн тарьж ургуулсан төмсийг танхимынхаа гишүүдэд өөрийнхөө нэр, албан тушаал бүхий уутанд хийж тараасан нь ёс зүйгүй авирынх нь эхлэл. Үүнээс хойш нэг их удалгүй аав нь Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй “Ландкруйзер” автомашинаараа иргэд, малчдыг дайрахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг жийпээ сайдтан хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй байсан.
Ч.Номин нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийг төгсөөд 2001 онд Английн Кэмбриджийн Аббэй коллежид хоёр жил суралцсан юм билээ. Дараа нь 2003-2006 онд Зүүн Английн их сургуульд суралцан, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан аж. 10 жилийн дараа 2016 онд Харвардын Бизнесийн сургуульд элсэн хоёр жил суралцаад 2018 онд удирдах менежментийн боловсрол эзэмшсэн хэмээн намтарт нь бичжээ. Үүнээс нь үзвэл 126 гишүүн дундаа нэлээд өндөр боловсролтой, бизнес эрхлэгч эмэгтэй гэж харагдана. Эцгийнхээ үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д гадаад харилцаа хариуцсан дэд, “Монгол телевиз”, “Тэрэлж” зочид буудлынх нь буюу “Тэрэлж сүйх” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 оноос улс төрд хөл тавьсан. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд “Аав нь Ч.Номинд сайдын суудал худалдан авч өгсөн” хэмээн бичсэн нь ч бий. Сайд болсноос нь хойш түүнийг саар хэл ам байнга дагаж байсан гэхэд хилсдэхгүй. Тангараг өргөх, сэтгүүлчид болон бусадтай харилцахаас эхлээд гаргасан үйлдэл, сайдын албанаас бууж, тамгаа өөр хүнд шилжүүлэхдээ хүртэл алдаа хийсэн нь төрт ёсны дэг жаяг, ёс зүйг үл ойшоож ирснийг олон нийт байнга шүүмжилсээр буй билээ. Төмс тарааснаасаа хойш удалгүй, цар тахлын хөл хорионы үед “Богд Зонхова” цогцолбор байгуулна хэмээн 32 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасныг нь иргэд хүчтэй шүүмжилж байж үргүй зардлыг зогсоолгосон.
2024 онд УИХ-ын 11 дүгээр тойрог буюу сонгинохайрханчуудыг төлөөлөн гишүүн болсон юм даг. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагад суугаад соёлын салбар хариуцсан сайдын албаа үргэлжлүүлэн хашихдаа улсын төсөвт “соёлын ваучер” нэрээр 18.3 тэрбум төгрөг тараахаар тусгасан нь бас л хэл ам таталсан. Улмаар улсын төсвөөс танаснаар намжсаныг уншигчид санаж буй нь лавтай. Түүнчлэн 2024 оны наймдугаар сард хувийнхаа “Тэрэлж” зочид буудалд олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын салбар хурлыг зохион байгуулж, төсвийн хөрөнгийг шилжүүлэн хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон юм. Түүгээр ч зогсохгүй Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихдээ хүүхдүүдэд жүжгийн тасалбар үнэгүй тарааж, эцэг, эхэд нь өөрийн зураг бүхий “Соёлын яамны 2021-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил” нэртэй тайлан сэтгүүл өгсөн нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй цацаж буйн нэг баримт.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахад Ч.Номин сайдын албанаас чөлөөлөгдөж, сул гишүүн болсон. Энэ үеэр Монголыг сурталчлах нэрээр татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг түүний тушаалаар гадагш нь үр ашиггүй зарцуулсан гэх асуудал сөхөгдсөн билээ. Тухайлбал, “Go Mongolia” гэх брэндийг Английн хөл бөмбөгийн дунд зэрэглэлийн “Фулхэм” клубийн цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын бэлтгэлийн цамцанд хадахад зориулан 5.1 тэрбум төгрөг шилжүүлэхээр болсон ч багагүй хэсгийг нь өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор “Фулхэм” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн дуулиан дэгдсэн ч тэгсхийгээд мартагдчихаад байна. Мөн ВВС, CNN телевиз, нэр бүхий нөлөөлөгч инфлүүнсерүүдэд хяналтгүй, хил хязгааргүй их хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Бас цахим спортын төрөлд дэлхийд нэрээ гаргаад буй “MongolZ” багаар халхавчлан улсын төсвөөс 60 сая төгрөг зарцуулж, нөхөр Г.Бат-Эрдэнийнхээ үүсгэн байгуулсан Монголын электрон спортын холбоонд шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдсан ч нэг дуулианаар нөгөөхийг дардаг технологид өртөн олон нийт ч үүнийг умартав. Өдгөө Ч.Номин Н.Учралын тэргүүлсэн Засгийн газарт сайд болоод буй ч үүсгэн байгуулж, удирдаж байсан “Монгол телевиз” ХХК-ийнх нь ажилтнууд сүүлийн хэдэн жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй асуудлыг сөхөөд байна. Түүнчлэн уран нугараач Э.Лхагва-Очир Ч.Номингийн нөхрийн эзэмшлийн “Ори студиос” ХХК-иас гэрээгээр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авч чадаагүй хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл гаргав. Үүнээс нь улбаалаад Ч.Номинг төсвийн хөрөнгөд гамгүй, өөрийнхөө мөнгөнд харам ханддаг нэгэн гэж тодорхойлж болохоор.
Энэ мэтээр ёс зүйгүй үйлдлүүд удаа дараа гаргасаар байгаа тэрбээр УИХ-ын гишүүнийхээ хувьд өргөн барьсан хуулийн төсөл гэхээр юмгүй нь хачирхалтай.